Богд хан ууланд тарвага агнасан иргэний гар хийцийн буу, бусад эд зүйлийг хураан авлаа
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалах, худалдах, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.
Мэдээллийн алба

“Дархан цаазат ууланд тарвага агнаад байна” гэсэн мэдээлэл 7 дугаар сарын 26-нд цахим орчинд нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Хан-Уул дүүрэгт оршин суудаг 42 настай, эрэгтэй Б Богд хан уулын Жаргалантын ам орчмоор урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнаж байсныг илрүүлжээ. Ийн гар хийцийн ТОЗ-8 маркийн буу, урхи тавихад ашигладаг төмөр утас болон бусад эд зүйлийг хураан авч, Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалах, худалдах, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриаллаа.
Ташрамд дуулгахад, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “Хууль бусаар ан агнах
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.


















