Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ
Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Боловсролын яамтай хамтран тус салбарын төсвийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдол, сургалтын тоног төхөөрөмжийн хангамж гэсэн ерөнхий сэдвүүдээр гурван хэсгээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдлын асуудлыг хөндсжөн эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах удирдан явуулав. Тэрбээр хэлэлцүүлэгт зориулж боловсролын салбарын удирдлага, багш, ажилтнуудаас санал асуусныхаа дүгнэлтийг танилцуулсан юм. Санал асуулгад улсын хэмжээний 1092 сургууль, цэцэрлэг хамрагдсан нь нийт сургалтын байгууллагын 60 гаруй хувь болж буйг тэрбээр онцоллоо.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар санал асуулгад оролцсон байгууллагуудын 67 хувь нь хүчин чадлаасаа хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа гэж харицлсан бол 62 хувь нь шинэ байр, өргөтгөл шаардлагатай гэжээ. Сургуулиудын 63 хувь нь хоёр ээлжээр хичээллэж байгаа бол 31 сургууль гуравдугаар ээлжинд шилжих эрсдэлтэй гэж хариулсан байна.

Түүнчлэн, улсын хэмжээнд 154 сургууль стандарт хангахгүй анги танхимтай, 126 сургууль спорт заал, цайны газрын хүрэлцээ муутай, 87 сургуульд анги дүүргэлт 35-аас давсан, 239 сургуульд спорт заал хүрэлцээгүй байна. Эдгээр тоо баримт хүүхдийн суралцах эрх, сургалтын чанарт шууд нөлөөлөхүйц асуудал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах онцлон тэмдэглэсэн юм.

025dd831059b42e0945ebe5be2390f28

Хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2027 оны төсвийн төслийн онцлог салбарын шинэчлэлийн бодлогыг товч танилцуулав. Тус салбарт нийт 7.5 их наяд төгрөгийн төсөв төлөвлөсөн нь ДНБ-ий 6.0 хувь, улсын төсвийн урсгал зардлын 17.8 хувьтай тэнцэж буйг сайд мэдээлээд, сургалтын хөтөлбөр болон багшийн хөгжлийн тогтолцоо, үнэлгээ, санхүүжилт болон сургуулийн менежментийн шинэчлэлийн зэрэгцээ цахим шилжилт, ухаалаг, ногоон сургуулийн бодлого хэрэгжиж эхэлснийг танилцуулсан юм.

Нийслэлд 3000-аас дээш сурагчтай 38 сургууль байгаа нь өнөөгийн бүтцийн хамгийн том доголдол гэдгийг тэрбээр тодорхойлж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болон бүсчилсэн сургалтын тогтолцоо руу шилжих шаардлага тулгамдаж байгааг хэлэв.

0d0e837fd61641b49e97eceb4e8aaadf

Дараа нь Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин салбарын хүртээмжийн өнөөгийн нөхцөл, цаашдын бодлогыг талаар танилцуулсан юм. Төрийн нарийн бичгийн даргын мэдээлснээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг үндсэндээ шийдвэрлэсэн бол ерөнхий боловсролын сургуулийн ачаалал ойрын жилүүдэд улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Сурагчдын тоо 2030 он хүртэл өсөх төлөвтэй байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хөрөнгө оруулалтыг хэрэгцээтэй бүсэд төвлөрүүлэх, ашиглалтын хугацаа дууссан барилгуудыг шинэчлэх, хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэрбээр тайлбарлаж, 2025-2027 онд 3.0 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжиж байгаагаас 2026 онд 45 сургууль, 24 цэцэрлэг ашиглалтад орж, 19,450 сурагчийн суудал, 3,815 хүүхдийн цэцэрлэгийн ор нэмэгдэж буйг мэдээллээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэлдээ, Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жил бүр 20-30 мянгаар нэмэгдэж, ачааллыг улам хүндрүүлж буйг дурдаад, сүүлийн таван жилд нийслэлд 133 цэцэрлэг, 52 сургууль ашиглалтад орж, нийт 54 мянга гаруй хүүхдийн хүчин чадал шинээр бий болсон ч хүртээмж бүрэн хангагдахгүй байгааг хэлсэн юм. Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд нийслэлийн дүүргүүдэд сургууль, цэцэрлэг, спорт заал зэрэг барилга байгууламжийн 53 төсөл, арга хэмжээний 517.1 тэрбум төгрөгийн төсвийг тусгаад байгааг тэрбээр танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 2030 он хүртэл 84 байршилд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг тодорхойлсон бөгөөд эдгээрийг хэрэгжүүлж чадвал ээлжийн коэффициент 2.1-ээс 1.3 болж буурч, сургуулийн ачаалал хэвийн түвшинд хүрэх тооцоо гарсан байна.

abaf34778548417e912b7409396abcb4

Үүний дараа салбарын хөрөнгө оруулалтын талаарх санал асуулгад оролцсон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын төлөөлөл үг хэлж, саналаа илэрхийллээ. Нийслэлийн 45-р сургуулийн захирал Ц.Пүрэвцэрэн 1956 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан тус сургуульд өнөөдөр 1377 хүүхэд сурч байгааг танилцуулж, барилгын ашиглалтын хугацаа бүрэн дууссан гэдгийг хэлсэн юм. Хичээлийн байрыг буулгаж, шинээр сургууль барих зураг төсөв бэлэн болсныг тэрбээр мэдээлж, үүнд 28.1 тэрбум шаардагдах тооцоо гарч буйг дурдав. 30 дугаар сургуулийн захирал П.Өлзийтөгс шинэ сургуулийн барилга цаг хугацаанаасаа өмнө ашиглалтад орсон сайн жишээг танилцуулж, үлгэр жишээ гүйцэтгэгч компаниудыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.

Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул 2018 онд тус цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн боловч зогсонги байдалд орж, энэ оны зургадугаар сараас гүйцэтгэгч компанийн солиод дахин ажлыг эхлүүлж буй талаар танилцуулж, үргэлжлүүлэн хийх ажлын зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгалгүй орхигдуулсныг эргэн харж, анхаарал хандуулж өгөөрэй гэж хүслээ.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн 1964 онд баригдсан байр стандарт шаардлага хангахгүй болсныг сургалтын менежер Г.Ууганчимэг танилцуулж, улсын хэмжээнд ганц байдаг сургууль учир орон нутаг, алслагдсан дүүргээс хүүхдүүд ирж суралцдаг, гэвч дотуур байр байхгүй учир хичээлийн байрныхаа нэг жигүүрт сурагчдаа амьдруулж, гурван ээлжээр хичээллэж байгаа гэдгийг хэллээ.

Захирал, эрхлэгч нарын асуулт, саналд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нэг бүрчлэн хариулт өгсөн юм. Тэрбээр, барилгын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэгдсэн 103 сургууль, 207 цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 12 барилга байгууламж байгааг танилцуулж, эдгээрийг эрэмбэлж, үе шаттай шинэчилж байгаа хэлсэн юм. Мөн 2027 онд сургуулийн барилга шинээр барих 93 төсөл, арга хэмжэж төлөвлөгдсөн талаар ярилаа.

8f2cc28b23ac4beeb18e3f60d4612d69

Хэлэлцүүлэгт оролцогчид дараа нь асуулт асууж, хариулт авч, салбарын хүртээмжтэй холбоотой тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн 11 дүгээр сургуулийн спорт заалны хана өнгөрсөн сард нурсан тухай тус сургуулийн захирал Б.Хишигбаяр мэдээлсэн бол 350 хүүхдийн багтаамжтай байранд 2500 хүүхэд суралцаж, 1.5 км зайтай түрээсийн хоёр байранд 1600 сурагч хичээллэж буйг 7 дугаар сургуулийн захирал Д.Дашдорж ярилаа. Зайсангийн 32 дугаар сургуулийн хотхоны бага сургуулийн түрээсийн санхүүжилт тасалдсанаас болж халаалтаа хаалгаад байгааг захирал Ч.Ундармаа мэдээлсэн бол Баянгол дүүргийн 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баярцэцэг сургууль, цэцэрлэгт зориулж барилга барих нь чухал боловч хичээл, сургалтын стандартын шаардлагад нийцүүлэх асуудал бас нэг тулгамдсан асуудал болоод байгааг дурдав.

Боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, С.Замира, М.Ганхүлэг, А.Ундраа, Г.Хосбаяр нар байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин, хүртээмжийг хөрөнгө оруулалтын бодлогод тусгах шаардлагатайг онцолж, төсөл, арга хэмжээг хэрхэн эрэмбэлэх талаар саналаа хэлэхийг хэлэлцүүлэгт оролцогчдод уриалсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира хүүхдийн аюулгүй, эрүүл, хүртээмжтэй суралцах орчныг бүрдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг хүн ам, сурагчдын өсөлттэй уялдсан урт хугацааны төлөвлөлттэй ажиллах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Боловсролын хүртээмжийг зөвхөн барилга байгууламжаар хэмжихгүйгээр сургалтын чанар, хүүхдийн хөгжлийн үр дүнтэй уялдуулж үнэлэх нь зүйтэйг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр шинээр барилга барихын зэрэгцээ сургуулиудын засвар, шинэчлэлт, ашиглалтын зардлыг бодитоор тооцож шийдвэрлэх эрэл хэрэгцээ байгааг дурдав.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төсөв, зардлын хэмжээ гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын эрэмбэ, төлөвлөлт, хэрэгжилт гүйцэтгэлийн чанар, хариуцлагыг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Захирал, эрхлэгч нарын гаргаж буй санал, хүсэлтийг Боловсролыг дэмжих лобби бүлэг дэмжиж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах илэрхийлэв.

Хэлэлцүүлэг багшийн хомсдол, сургалтын чанарын асуудлаар үргэлжилж байна.

Хуваалцах