Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө
Гахайн утсан мах болон түүнтэй ижил аргаар боловсруулж үйлдвэрлэсэн хиам, зайдас зэрэг махан бүтээгдэхүүн хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.
Мэдээллийн алба

Гахайн утсан мах болон түүнтэй ижил аргаар боловсруулж үйлдвэрлэсэн хиам, зайдас зэрэг махан бүтээгдэхүүн хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хот дог, зайдас, шарсан гахайн мах зэрэг боловсруулсан махан хүнс хэрэглэх нь бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг цусны холестериний түвшинг ихэсгэж, эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлдөг тухай дэлхий дахинаа мэддэг байсан авч энэ удаа ДЭМБ-аас албан ёсны мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгч байгаа нь энэ аж.
Өнгөрсөн сарын эхээр ДЭМБ-ын Хорт хавдар судлалын олон улсын агентлаг 800 гаруй судалгааг 22 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилжээ. Судалгаанд өдөр бүр 50 грамм боловсруулсан мах хэрэглэдэг хүний хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүнийхээс 18 хувиар илүү байдаг болох нь тогтоогдсон гэнэ. Тэдгээр нь ихэвчлэн нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар байсныг олж илрүүлсэн байна.
Дэлхийд жил бүр 1 сая хүн тамхины хорт хавдрын улмаас нас бардаг бол 34 мянган хүн боловсруулсан махнаас үүдэлтэй хорт хавдрын улмаас нас бардаг. Нийт хорт хавдрын 19 хувь нь тамхинаас үүдэлтэй байдаг бол боловсруулсан улаан махнаас үүдэлтэй хорт хавдрын эзлэх хувь 3 хувь байдаг гэнэ.
Боловсруулсан маханд хадгалах хугацааг уртасгаж, амтыг нь өөрчлөх бодисуудыг хольсон байдаг. Энэ талаар мах нийлүүлэгч, боловсруулагч томоохон компаниуд хүний биед хэрэгтэй амин дэм, уургийг агуулдаг хэмээн тайлбарладаг байна.

Харин ДЭМБ-ын зүгээс боловсруулсан улаан махыг хязгаартайгаар хэрэглэхийг зөвлөжээ. Үүгээрээ махыг огт идэхгүй байх бус харин зохистой хэрэглэж, найдвартай махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас хүнсээ авахыг анхааруулсан байна.
Үүнээс гадна хиам, лаазалсан махыг хүүхэддээ хэрэглүүлэхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна. Учир нь эдгээр төрлийн бүтээгдэхүүнд ихээхэн хэмжээний давс агуулагддаг. Хиам, лаазалсан махан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр өсч байгаа бие организмын хамгийн гол амин дэм кальцийн дутагдалд хүргэдэг байна. Үүнээс гадна өсөх насандаа энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байсан бол өтлөх насандаа артерийн судасны даралт ихсэх эрсдэл нь нэмэгддэг ажээ.

Эх сурвалж: http://mongolcom.mn


















