Болзошгүй саатлын үед нарийн төлөвлөгөө мөрдөж ажиллах үүрэг өгөв
Эрчим хүчний яамны өдрийн шуурхай хуралдаанаар өвөлжилт, станцуудын нүүрсний хангамжийн асуудлыг онцлов.
Мэдээллийн алба

Эрчим хүчний яамны өдрийн шуурхай хуралдаанаар өвөлжилт, станцуудын нүүрсний хангамжийн асуудлыг онцлов. Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны станцууд 10-21 хоногийн нүүрсний нөөцтэй, өвлийн горим ажиллагаа хэвийн байна.
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор хоёр уурхайд хүндрэл үүссэн. “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаанд ус шүүрүүлэлтийн ажил хоцрогдолтой байгаа зэргээс зарим станцад нийлүүлэх нүүрс тасалдахад хүрчээ. Станцуудын аюулгүйн нөөц багасахад нөлөөлсөн энэ асуудалд ЭХЯ-ны зүгээс онцгой хяналт тавин ажиллаж байгааг Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү онцоллоо.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан өвлийн их хүйтэнд учирч болзошгүй саатлын үед нарийн төлөвлөгөө гаргаж ажиллах нь чухал байгааг тодотгоод "Шивээ-Овоо"-гийн уурхайн хүндрэлтэй холбоотойгоор станцуудын нүүрсний хангамж, өвөлжилтийн бэлтгэлд нарийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.


















