Ч.Отгочулуу: Хэлэлцээрээр таван асуудал дээр нэгдсэн шийдэлд хүрсэн
Уул уурхай, металлургийн салбарын хандлагыг тодорхойлдог, хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” II чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулганы завсарлагаанаар Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугаас уул уурхайн салбарын зарим асуудлаар тодруулга авла
Мэдээллийн алба

Уул уурхай, металлургийн салбарын хандлагыг тодорхойлдог, хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” II чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулганы завсарлагаанаар Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугаас уул уурхайн салбарын зарим асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр тус чуулганд “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.
-Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн Улаанбаатарт үргэлжилсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөхгүй байсаар байна. Энэ ямар учиртай юм бэ?
- Анхнаасаа хоёр талаас харилцан зөвшилцсний үндсэн дээр нийт асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэх гарц олсныхоо дараа нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхөөр болсон юм. Тийм болохоор энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна. Одоогийн байдлаар нийт таван асуудалд зарчмын хувьд нэгдсэн шийдэлд хүрсэн байгаа. Ус, татварын урьдчилгаа төлбөр, өмнийн говийн бүтээн байгуулалт, хөгжлийн зарим асуудлыг ерөнхийд нь шийдсэн. Хамгийн чухал нь усны асуудал байсан гэж хэлж болно.
- Оюутолгой төслийн хэтэрсэн зардлыг нягтлах хоёр талын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт хэзээ гарах вэ?
- Бидний зүгээс тавьж байгаа гол асуудал бол Оюутолгой төслийн нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжсэн байна. Гэсэн хэдий ч зардал хэтэрснээс болж Монголын тал хүртэгдэх ногдол ашгууд буурсан тул зардлаа эргэн нягтлая гэсэн хүсэлт гаргаж хоёр талаас зардал дахин нягтлах ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт ирэх долоо хоногоос гарчих байх. Бид нэгдсэн байдлаар асуудлуудаа шийдээд мэдээлэл өгнө.
- Манай улсын уул уурхайн салбарын хөгжил замбараагүй байдалтай эхэлсэн учраас өнөөгийн тулгамдсан олон асуудал үүссэн гэж үзэх хүн олон. Та уул уурхайн салбарын хөгжлийг хэрхэн харж байна?
-Уул уурхайн салбар эхнээсээ замбараагүй байдлаар хөгжсөн гэдэг их өрөөсгөл ойлголт. Уул уурхайн салбарын хөгжил өнөөдөр шинэ үе рүү орох гэж байна. Өөрөөр хэлбэл бид уул уурхайн хөгжлийнхөө эхний алхмыг өнгөрсөн жилүүдэд хийчихсэн. Тэгэхээр одоо бидний хийж буй, хийх гэж ажлууд хөгжлийн дараагийн алхам руу үсэрч байгаа хэрэг юм. Тиймээс энэ тал дээр төрөөс барих бодлогоо зөв, боловсронгүй тодорхойлж, олон улсын хөрөнгө оруулагчдын болоод улсынхаа эрх ашгийг харгалзан үзсэн төрийн нэгдсэн бодлогын хүрээнд нэгдмэл байр суурьтай болох хэрэгтэй.
Уул уурхайн салбарын хөгжилд одоогийн байдлаар гацаанд орсон, зогсонги байдалтай зарим нэг асуудал байгаа ч бид уул уурхайг өөдрөгөөр хардаг. Учир нь уул уурхайн салбар монголын эдийн засгийн тэрүүлэгч зүтгэгч хүч хэвээр байсаар нэлээдгүй хэдэн жил болж байна. Цаашид ч бас ийм байдалтай үргэлжлэх чиг хандлага ажиглагдаж байгаа. Тийм ч учраас бид бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч байр сууриа тэлэх зорилт тавин ажиллаж байна. Мэдээж бид олон улсын зах зээл дээр тогтсон үнэд нөлөөлж чадахгүй. Харин хөрөнгө оруулалтыг яаж татах, зардлыг хэрхэн буулгах аргачлалаа илүү боловсронгүй болгох замаар баялгийнхаа үнэлгээг илүү бодитоор тогтоолгох боломжтой.
- Тэгэхээр хөрөнгө оруулагчдыг татах тал дээр сая батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль” хэр үр өгөөжөө өгөх бол?
- Уул уурхайн тэр дундаа төмөрлөгийн үйлдвэрийг монголд хөгжүүлэх талаар яригдаж байгаа энэ үед хамгийн чухал асуудал бол хөрөнгө оруулалтын тогтвортой байдал. Хууль батлагдан гарснаар тодорхой чиглэлд үр өгөөжөө өгнө гэсэн итгэл байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид олон улсын зах зээл дээр тогтсон стандартын дагуу өрсөлдөх чадвараа ахиулах боломж бүрдэхээс гадна бид хамгийн гол нь харилцан зөвшилцдөг байх орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээтэй хөрөнгө оруулсан бол дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах баталгааг өгнө. Баруун бүсэд дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл 13 жил, төвийн бүсэд хөрөнгө оруулалт хийвэл 11 жилийн хугацаанд татварын тогтвортой орчны баталгааг олгох юм.
- Тулгамдаж байгаа олон асуудлууд бий. Энэ тухайд бодлогын хүрээнд ямар зохицуулалтууд хийх шаардлагатай байна?
-Мэдээж тулгамдаж байгаа асуудлууд маш олон бий. Зах зухаас нь тоймлон яривал уул уурхайн салбараас төлөвлөсөн төсвийн орлогын тасалдал, ард иргэдэд уул уурхайн салбарыг зөв талаас нь ухуулан ойлгуулах, бэлтгэгдсэн инженер, тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийн зардлын өртөг хэт өндөр зэрэг асуудлууд бий. Мөн манай улсын уул уурхайн салбарын талаарх үзэл баримтлалыг олон улсын түвшинд эерэгээр хандуулах, цаашлаад сэтгүүлчдийн зөв зүйтэй мэдээлэл түгээх үүрэг гээд олон хүчин зүйлсийн нөлөөллийг дурдах хэрэгтэй. Уул уурхайг зөвхөн эдийн засгийн талаас үр ашгийг нь тодорхойлох бус нийгмийн талаас тухайн нутгийн ард иргэдээс өгсүүлээд олон улсын түвшинд зөвөөр таниулах ажлыг хийж эхлэх юм.
-Ярилцсанд баярлалаа


















