Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцэж байна
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. 2026 оны есдүгээр сарын 17–18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус хуралд эрүүл мэнд, гамшгаас хамгаалах чиглэлийн салбарын мэргэжилтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Хурлаар гамшиг, онцгой нөхцөл байдлын үед иргэдэд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, сэтгэл зүйн дэмжлэгийг хариу арга хэмжээний тогтолцоонд нэгтгэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2025 оны мэдээллээр зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, улс төрийн тогтворгүй байдал, байгалийн гамшгийн улмаас дэлхий даяар 300 гаруй сая хүн хүмүүнлэгийн тусламж шаардлагатай нөхцөлд амьдарч байгаагийн 67 сая орчим нь сэтгэцийн эмгэгтэй байна. Гамшиг, онцгой нөхцөл байдал нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд шууд болон удаан хугацааны нөлөө үзүүлдэг. Дайн, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүн амын дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэгийн тохиолдол нэмэгддэг бөгөөд онцгой байдлын үед сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо тасалдах нь тусламжийн хүртээмжийг улам бууруулдаг байна. Монгол Улсын хувьд газарзүйн онцлог, уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалан зуд зэрэг байгалийн гамшгийн эрсдэл өндөр. Тухайлбал, 2023–2024 оны зудын үеэр нийт нутгийн 80 гаруй хувь цасанд хучигдаж, 258 мянга гаруй иргэн, тэр дундаа 100 мянга орчим хүүхэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнээс тасалдаж, 7.4 сая толгой мал хорогдсон байна. Ийм нөхцөлд хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлгийн хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, сэтгэл зүйн дэмжлэгийг цаг алдалгүй, тэгш, хүртээмжтэй хүргэх нь онцгой ач холбогдолтой юм.

Хуваалцах