Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт хүртээх ёслол болно

Өнөөдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Жил бүрийн энэхүү түүхэн өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт хүртээх ёслол болно
“Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт хүртээх ёслол болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Жил бүрийн энэхүү түүхэн өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Энэ 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмээр олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг тодруулаад байна.

Өнөөдөр Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу 11.00 цагт Төрийн ордонд болох юм.

Найдангийн Түвшинбаяр 1984 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн. Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн. 2008 онд Зуны олимпын 29 дүгээр наадмын алт, 2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.

Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг.

Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оны наймдугаар сарын 25-нд Найданы Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнажээ.

Хуваалцах