Д.Батбилэг: Огцруулах санал бус хувийн захидал шиг зүйл ирсэн
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах бичиг өргөн барьсан талаарх мэдээллийг тодрууллаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах бичиг өргөн барьсан талаарх мэдээллийг тодрууллаа. Зарим мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар тэрхүү огцруулах саналд “...ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг. ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг. ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх мэт таван үндэслэлийг дурдсан талаар бичсэн байна. Харин үүнд ИТХ-ын дарга Д.Батбилэг “Өнөөдөр өглөө өргөх бичиг бус хувийн захидал маягийн зүйл орж ирсэн. ИТХ-ийн тэргүүлэгч хоёр хүний үйлдсэн тэрхүү бичгийг аваад албан бичгийн байдалд оруулаад албан ёсоор ахин өргөн барь гээд буцаасан байгаа. Иймэрхүү өргөх бичиг өгөх гэж байгаа бол албан бланк дээр, төлөөлөгчийн тамга дарсан бичиг байхаас гадна өөрсдийн биеэр авчирж өгөх ёстой. Гэтэл захидал маягийн зүйлийг хүнээр дамжуулж явуулсан. Албан бичгийн хэлбэрт шилжээд буцаад ороод ирвэл Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ. Миний хувьд үүнийг зарим хүмүүсийн сонгуулийн ажил эхэлчихсэн байна гэж үзэж байгаа. Яг үнэндээ иймэрхүү асуудалтай хөөцөлдөөд явах зав надад алга. Бид дүүргийнхээ дүрмийг батлах гээд хороодууд дээрээ очиж хэлэлцүүлэг зохион байгуулах гээд зав муутай ажиллаж байна. Ер нь бид дүүргийн иргэдийнхээ төлөө ажиллах гэж сонгогдсон болохоос өнөөдрийн энэ мэт зүйлстэй хөөцөлдөх гэж энэ суудалд суугаагүй. Би ийм л байр суурьтай байна” гэлээ.

Харин өргөх бичиг өргөн барьсан төлөөлөгчдийн хувьд МАН, МАХН-ы төлөөлөгчид бөгөөд ИТХ-ын дарга Д.Батбилэгийг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул сонгуульт ажлаас нь өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.


















