Д.Энхсайхан: Академид элсэгчдийг сонгон шалгаруулах журам шинэчлэгдсэн
Элсэгчдийг сонгон шалгаруулахад тавигдах хамгийн эхний шаардлага бол Зэвсэгт хүчинд тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа, хамт олондоо нэр хүндтэй, тэргүүний офицер байхаас гадна ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай, сахилгын шийтгэлгүй байх ёстой.
Мэдээллийн алба

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийy /"Батлан хамгаалахын удирдлагын академид элсэгчийг сонгон шалгаруулах журам/"-ыг шинэчлэн баталлаа. Элсэгчдийн нас, цол зэрэгт өөрчлөлтүүд орсноос гадна сонгон шалгаруулалтад багагүй өөрчлөлт орсон байна. Энэ талаар БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн бодлогын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Энхсайханаас тодрууллаа.
-Энэ жил ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академид шинэ элсэлттэй. Үүнтэй холбоотойгоор элсэгчдийн элсүүлэх журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Батлан хамгаалахын удирдлагын академид гадаад, дотоодын цэргийн их, дээд сургууль төгссөн, цэргийн ухааны бакалаврын зэрэгтэй, батальон /дивизион/-ы захирагч, орлогч, тусгай салбарын захирагч, түүнтэй адилтгах буюу дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, цаашид Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдах албан тушаалд ажиллах 30-36 насны офицер /ахмад, түүнээс дээш цолтой/-ыг агентлаг, байгууллагын даргын саналыг үндэслэн элсэлтийн шалгалтад оруулж, сонгон шалгаруулна. Мөн цэргийн нисэхийн мэргэжлийн 28-36 насны дунд болон ахлах офицер /ахмад, түүнээс дээш цолтой/-ыг мэргэжлийн дагуу элсэлтийн сонгон шалгаруулалтад оролцуулна. Элсэлтийн сонгон шалгаруулалтад оролцогчийн холбогдох материалыг агентлаг, байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж элсэлт зарласнаас хойш 1 сарын дотор Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлсэн байхаар заасан байгаа.
-Элсэлтийн сонгон шалгаруулалтад орох офицерууд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Элсэгчдийг сонгон шалгаруулахад тавигдах хамгийн эхний шаардлага бол Зэвсэгт хүчинд тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа, хамт олондоо нэр хүндтэй, тэргүүний офицер байхаас гадна ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай, сахилгын шийтгэлгүй байх ёстой. Мөн биеийн эрүүл мэндээр тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, цогцолбор болон командлалын шалгалтаар \"В\"-ээс доошгүй үнэлгээтэй шалгагдсан байх шаардлагатай. Хамгийн гол нь БХЯ, ЗХЖШ-аас тогтоосон хугацаанд шаардлагатай материалуудыг бүрэн бүрдүүлж, шалгалт авах ажлын хэсэгт бүртгүүлсэн байхыг элсэгчдэд анхааруулмаар байна.
-Академид элсэн суралцахыг хүссэн офицеруудыг хэзээнээс бүртгэж, сонгон шалгаруулах вэ?
-Ирэх зургаадугаар сараас сонгон шалгаруулалтыг хийх төлөвтэй байна. Энэ талаархи мэдээллийг тухайн үед нь танай сониноор дамжуулан хүргэнэ. Энэ дашрамд онцлоход, ҮБХИС-ийн шинэчлэн батлагдсан \"Батлан хамгаалах удирдлагын академид элсэгчийг сонгон шалгаруулах журам\"-ыг бүрэн эхээр нь дараагийн дугаарт нийтэлнэ.
-Энэ жил гадаадын цэргийн алба хаагчдыг элсүүлэх болов уу. Ямар шаардлага тавигддаг вэ?
-Манай цэргийн алба хаагчид гадаадад суралцахад ямар шаардлага хангадаг тэр дагуу тодорхой шаардлагуудыг хангасан байхыг шаардана. Одоогийн байдлаар гадаадын нэг цэргийн алба хаагч суралцах талаар яригдаж байна. Гадаадын цэргийн алба хаагчийг элсүүлэхийн тулд 8 сарын хугацаанд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвд монгол хэлний сургалтад хамруулж, монгол хэлний мэдлэг олгоно.
-Гадаадад боловсрол эзэмшсэн цэргийн алба хаагчдыг юу сурч, хэрхэн суралцсаныг шалгаж үнэлэх байдал манайд байхгүй. Хэдийгээр тухайн орон, сургуулийн сертификатаар баталгаажуулж байгаа ч үүнийг шинэчлэх боломж байна уу?
-Эхний ээлжинд тухайн төгсөгчдийн тайлан түүний хэрхэн сурсныг илтгэх танилцуулга болж өгдөг. Мөн тэдгээр төгсөгчдийн санал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд том санал болно. Дээрээс нь нэмж онцлоход гадаадын их, дээд сургууль төгсөгчдийг 30-45 хоногийн хугацаатай ҮБХИС-д дасан зохицох сургалт зохион байгуулж, түвшинг нь тогтоох тусгай баг гарган ажиллуулах төсөл хийгдэж байгаа. Үүнд 1 жилээс дээш хугацаатай сургууль, дамжаанд явсан цэргийн алба хаагчид хамрагдана. Хэрэв энэ төсөл батлагдвал 2018 оноос эхлэн хэрэгжинэ.


















