Д.Тэргэл "Soroptomist" институтийн эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцлоо
Австрали улсын Сидней хотын "Marrickville" ахлах сургуульд суралцдаг Д.Тэргэл "Soroptomist" институтээс Сидней хотод зохион байгуулагдсан эссэ бичлэгийн уралдаанд оролцож 1000 гаруй сургуулийн үе тэнгийн хүүхдүүдтэй
Мэдээллийн алба

Австрали улсын Сидней хотын "Marrickville" ахлах сургуульд суралцдаг Д.Тэргэл "Soroptomist" институтээс Сидней хотод зохион байгуулагдсан эссэ бичлэгийн уралдаанд оролцож 1000 гаруй сургуулийн үе тэнгийн хүүхдүүдтэй өрсөлдөж, шилдэг 10 хүүхдийн нэгээр шалгарч чаджээ. Тэрээр Австрали улсад ирээд жил гаран болж байгаа гэнэ.
Түүнд шилдэг эссэ бичлэгийн шагналыг "New South Wales" мужийн парламентын ордонд гардуулан өгсөн байна. Арга хэмжээнд Австрали улсын парламентын гишүүд болон Сидней хотын сургуулиудын багш нар оролцжээ.
Д.Тэргэл охины суралцдаг "Marrickville" ахлах сургуулийн багш Вики Кармоганни, "Би сүүлийн 34 жил багшилж байгаа. Энэ удаагийн эссэ бичлэгийн уралдаанд манай сургуулиас хэд хэдэн охидууд оролцож Тэргэлийнэссэ шилдгээр шалгарсанд баяртай байна. Д.Тэргэл манай сургуульд суралцаж эхлээд удаагүй байгаа хирнээ ийм том амжилт гаргасанд нь манай сургуулийн хамт олон мөн бахархаж байгаа. Би парламентын ордонд энэхүү гайхалтай залуу охидын шагналыг гардаж авах ёслолд ирсэндээ баяртай байна" хэмээн ярилаа.
Австрали улсын хэмжээнд 9500 орчим сургууль байдаг бөгөөд эдгээр сургуулиудад 400 мянга гаруй багш ажилчид ажилладаг гэсэн тоо баримт бий. Манай улсаас тус улсад сурч, ажиллаж байгаа иргэдийн хувьд визийн ангиллаас хамааран бага болон ахлах сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр 6 мянгаас 12 мянга хүртэлх Австрали доллар байдаг аж.
"Soroptomist " институт нь дэлхийн 122 орны 75 мянга гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм байна. Тус институт нь дэлхий даяар сайн дурын хөдөлгөөн өрнүүлж эмэгтэйчүүд, охидын амьдралыг чадавхжуулах, боловсролд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг гэж тус манай сурвалжлагч Б. Гэрэлмаа мэдээллээ.


















