Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэний хэргийн тоо өсчээ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 694 хэрэг хүлээн авч, 417 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 124 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэний хэргийн тоо өсчээ
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэний хэргийн тоо өсчээ. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 694 хэрэг хүлээн авч, 417 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 124 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 73 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 52 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 621 хэргээс нэг шүүгчид 155 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 417 хэргийн 48 хувь буюу 200 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 23 хувь буюу 96 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29 хувь буюу 121 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон 121 хэргийн 48 хувь буюу 58 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 5 хувь буюу 6 хэргийг хэрэгсэхгүй болгож, 47 хувь буюу 57 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 79.3 хувь буюу 331 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.5 хувь буюу 6 хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 17.7 хувь буюу 74 хэргийг прокурорын эсэргүүцлээр, 1.5 хувь буюу 6 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 357-оор буюу 2 дахин, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 201-ээр буюу 93 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 89-өөр буюу 2.3 дахин өссөн байна.

Харин тус шүүхийн танхим дээрх хугацаанд нийт 1524 хэрэг хүлээн авч, 1295 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 47 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 8 хэргийн харьяаллыг тогтоосон байна. Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 62 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 21 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1524 хэргээс нэг шүүгчид 217 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1295 хэргийн 62.3 хувь буюу 807 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.3 хувь буюу 146 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 19 хувь буюу 247 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4.5 хувь буюу 58 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 2.9 хувь буюу 37 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1295 хэргийн 574 нь нэхэмжлэгчийн, 708 нь хариуцагчийн, 13 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1295 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 843, Хөдөлмөрийн тухай хуулиар 307, Гэр бүлийн тухай хуулиар 31, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 77, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 13, бусад хуулиар 24 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 292-оор буюу 23.7 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 237-оор буюу 22.4 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 41-ээр буюу 23.3 хувиар тус тус өсчээ.

Хуваалцах