Дорнод аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Энэ өдрийг НҮБ 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж байх шийдвэр гаргаснаас хойш дэлхий даяараа энэ өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах өдөр" болгосоор иржээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Энэ өдрийг НҮБ 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж байх шийдвэр гаргаснаас хойш дэлхий даяараа энэ өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах өдөр" болгосоор иржээ. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо дунджаар 0.1-0.2 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа нь нийт хүн амын 5 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол Дорнод аймгийн тухайд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас өдөрлөг зохиолоо. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар мэргэжилтнүүд мэдээлэл өгч, иргэдтэй санал солилцлоо. Өнгөрсөн 11-р сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхээр болсон. Дорнод аймагт нийт 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 92 хувь буюу 3832 иргэн нь хөдөлмөрийн насны хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг хэдий ч Дорнод аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөр байгаагүй. Энэ нь үйл ажиллагааны дэмжлэг, түүний санхүүжилтийг шийдвэрлэхэд гол бэрхшээл болж байсан байна.
Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой амьдарч байгаа гэсэн дүн гарчээ. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн ээлтэй орчин бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагаанд чиглэсэн зорилго, зорилт бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийг боловсруулжээ.
Өдөрлөгт Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцсон бөгөөд урлаг соёл, ахуйн үйлчилгээний бүхий л үйлчилгээг Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үзүүлсэн юм. Тухайлбал Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсрол соёл урлагын газар, Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд үйлчилгээ үзүүллээ. “Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-тэй болсонд зорилтод бүлгийн иргэд сэтгэл хангалуун байна.
Хөтөлбөр батлагдсанаар цаашид үр дүнгээ үе шаттайгаар үнэлэх боломжийг бүрдүүлж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжсэн, хамт олонд түшиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулна гэж орон нутгийн удирдлагууд ч үзэж байгаа юм.
Р.Сэргэлэн


















