Дорноговь аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тань Юн тэргүүтэй төлөөлөгч Дорноговь аймагт ажлын айлчлал хийлээ.
Мэдээллийн алба

Дорноговь аймаг энэ оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрш зэргэлдээ БНХАУ-ын Эрээн хот, Бугат хот, ОХУ-ын Эрхүү хот, Солонгос, Япон зэрэг найрамдалт хамтын ажиллагаатай хотын бүтээн байгуулалтыг орон нутаг руугаа чиглүүлэх зорилготой ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тань Юн тэргүүтэй төлөөлөгч Дорноговь аймагт ажлын айлчлал хийлээ.
Дорноговь аймаг нь урд хөрштэй 600 км-ээр хиллэдэг. Хил залгаа аймгийн хувьд сүүлийн жилүүдэд Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар тодорхой алхмыг хийж эхлээд байна.
Эрээн хотын аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, төмөр зам, худалдаа, барилгын салбарын 11 төлөөлөгч Дорноговь аймагт хоёр өдрийн ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй музей, “Саранхөхөө” театр, Хамарын хийд, Хүслийн уулын аялал жуулчлалын бүстэй танилцаж, Даланжаргалан сумын нутаг дахь Их нартын байгалийн цогцолборт газар, Халзан уулын рашаан сувиллын газрын үйл ажиллагаатай танилцсан байна.
Эрээн хотод жилдээ давхардсан тоогоор хоёр сая орчим Монгол иргэн зочилдог аж. Эрээн хотын өнөөгийн хөгжилд Монголчуудын үүрэг нөлөө их байсныг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга онцолж байлаа. Ажлын айлчлалын үеэр Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чигэлсэн хөрөнгө оруулалтаас гадна дэд бүтэц, хүн амын эрүүл мэндэд чигэлсэн нэг тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг үзүүлэхээр болжээ.


















