Э.Ариунболд жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-д анх удаа зодоглож буй Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн болов.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ. Энэ жилийн ДАШТ-д 82 орны 571 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд медалийн төлөө өрсөлдөж байна.
Өчигдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-д анх удаа зодоглож буй Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр эхний барилдаанд Чехийн Д.Пулкрабекийг цэвэр, шөвгийн 16-д гүрж гаралтай нидерланд жүдоч Т.Цакадоеваг вазаригаар, шөвгийн наймд Италийн А.Пантаног нэмэлт цагт вазаригаар, хагас шигшээд эзэн орны бөх Д.Баратовыг тус тус буулгаж авсаар финалд шалгарсан.
Харин аваргын төлөөх барилдаанд олимпын аварга, дэлхийн аваргын дөрвөн алтан медальт Японы Н.Такатод цэвэр ялагдсан юм. Ингэснээр тэрбээр эхний оролдлогоороо л медальд хүрч, дэлхийд данстай бөх болж байна.
Харин өчигдөр барилдсан Монголын бусад гурван бөх медаль авч чадсангүй.


















