Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, эдийн засгийг дэмжсэн санхүү, зээлийн бодлого хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 27 зорилтын 91 бодлогын арга хэмжээтэй, эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг тусгасан гэдгээ хэлэв.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлнэ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар төлөвлөөд байгаа. Төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31.4 хувьд, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -хоёр хувиас багагүй байлгахаар төлөвлөсөн. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг сайд хэллээ. Түүнчлэн эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллах бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн үр дүнгээр ДНБ-ий өсөлтийг хангах бодлого баримтална. Түүнчлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурдлаа.
Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд болон салбарын бусад сайд нар, ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар нар үг хэлэв.
Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 32 нь буюу 57.1 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


















