Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоолын төсөл батлагдлаа
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.
Мэдээллийн алба

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Өмнөх хэлэлцүүлгийн явцад тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” болгож өөрчлөх санал гаргасан дэмжигдсэн юм.
Ингээд өчигдөр нэгдсэн чуулганаар Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж нарын гишүүд асуулт асуун, хариулт авсан юм. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй гурав, найруулгын шинжтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Эцэст нь тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар батлагдлаа. Ийнхүү Засгийн газраас улс орны эдийн засгийн байдлыг идэвхжүүлэх тогтоолын төслийг энэ хаврын чуулганы хугацаанд яаралтай батлаж хэрэгжүүлэхээр өргөн барьсан нь батлагдаж байна.


















