Элэгний В вирусын эсрэг "Амьжиргаа" төсөл эхэллээ
АНУ-ын эм үйлдвэрлэгч “Mylan” компани, Ази, Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” оношилгооны төв хамтран “Амьжиргаа” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын эм үйлдвэрлэгч “Mylan” компани, Ази, Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” оношилгооны төв хамтран “Амьжиргаа” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслийн хүрээнд дэлхийн хамгийн хямд үнээр монголчууд В вирусын эсрэг эмчилгээ хийлгэх боломжтой болох бөгөөд эхний ээлжинд 300 хүнд вирусын эсрэг хамгийн их үр дүнтэй “Тенофовир” эмийг 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон бөгөөд эдгээр хүн бүгд эмчилгээндээ хамрагдан, хяналтад явж байгаа ажээ.
Монгол Улсын нийт иргэдийн 10 хувь нь элэгний В вирусын халдвар тээж яваа бөгөөд элэгний хатуурлын 39 хувь нь В вирусын гаралтай байдаг байна.
С вирус нь бүрэн устах боломжтой байдаг бол В вирус нь бүрэн устдаггүй аж. Мөн элэгний Дельта вирус нь зөвхөн В вирустэй хүнд л халддаг. В, D вирус хавсарсан хүмүүст элэгний үрэвсэл, хатуурал, хавдар хурдан явагддагаараа аюултай юм.
Одоогоор дэлхий нийтэд элэгний В вирусын эсрэг “Тенофовир” эмэн эмчилгээг хэрэглэж байгаа бөгөөд хамгийн өндөр үр дүнтэй байгаа нь батлагдсан. Тус эмийн хувьд
-Вирусыг устгах чадвар 93 хувь
-Үрэвслийн эсрэг чанар 77 хувь
-Хатуурлын эсрэг чанар 74 хувь
-Вирусыг бүрэн устгах чанар 3 хувь
-Эмэнд дасал үүсэхгүй байдлаараа одоогоор дэлхийн анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа В вирусын эсрэг эмүүдээс хамгийн өндөр үр дүнтэй нь юм.
Энэ эм Монгол Улсын эмийн бүртгэлд нэлээд хэдэн жилийн өмнө бүртгэгдэж, эмийн сангуудаар нийлүүлэгдэж ирсэн ч үнэ нь хэтэрхий өндөр байсан учраас иргэд төдийлөн эмчлүүлэх боломжгүй байсан ажээ.
“Амьжиргаа” төслийн хүрээнд 5000 орчим хүнийг эмчлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эмчилгээнд хамрагдах хүмүүс дараах есөн төрлийн шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай юм. Тодруулбал,
1. В вирус тоолох
2. Элэг, цөсний биохими
3. Бөөрний үйл ажиллагаа
4. ОАК
5. ОАМ
6. Эхо үзлэг
7. Элэгний хатуурал тодорхойлох
8. Дельта вирус илрүүлэх
9. Вирусын гадаргуугийн антигений шинжилгээ зэргийг хийлгэж, "Хаппи Веритас” оношилгооны төвд хандах учиртай гэнэ.


















