Элэгний вирусын эмийн үнийг даатгалын сангаас хөнгөлөх асуудлыг танилцуулна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг өнөөдөр Засгийн газарт танилцуулж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам элэгний вирусийн эсрэг эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, төсвийн тодотголд дээрх ажилд шаардлагатай эх үүсвэр болох 23.4 тэрбум төгрөгийг нэмж тооцжээ. Монгол Улсад энэ жилийн байдлаар элэгний С вирусын халдварын тархалт хүн амын 10 гаруй хувийг эзлээд байна. Манай улсын эмийн бүртгэлд элэгний С вирусийг эмчлэх “Харвони”, “Ледвир”, “Ледифос”, “Хепсинат-ЛП”, “Вирпас” зэрэг нэршилтэй эм бүртгэгдсэн бөгөөд зах зээлд 340-702 мянган төгрөгөөр нийлүүлдэг.
Энэ оны эхний есөн сарын байдлаар элэгний С вирустэй гэх 18-аас дээш насны 4681 хүн дээрх эмүүдийг ууж, үр дүнгийн шинжилгээнд хамрагдсан хариунаас үзэхэд 98.9 хувьд вирус тогтоогдоогүй ажээ. Дээрх эмийн жорыг элэгний эмгэгийг эмчлэх чиглэлээр бэлтгэгдсэн 100 гаруй эмч бичих бөгөөд 120 гаруй эмийн сангаар дамжуулан даатгуулагчдад хүргэнэ. Ийнхүү эмийн үнийг хөнгөлж эхэлснээр энэ онд багтаж 30 мянган даатгуулагч хамрагдах боломжтойгоос гадна 2020 он гэхэд С вирусийн голомтыг утсгаж, халдварт тархалтыг зогсоох, элэгний хорт хавдар, хатуурлаас үүдэлтэй нас баралтыг эрс бууруулах ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг өнөөдөр Засгийн газарт танилцуулж байгаа ажээ.
Эх сурвалж:ХНХЯ


















