Эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих эвсэл байгуулагдана
Манай улсад эмийн ил тод байдал болон түүний чанарын асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөх болсон. Үүнтэй холбоотойгоор эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага,
Мэдээллийн алба

Манай улсад эмийн ил тод байдал болон түүний чанарын асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөх болсон. Үүнтэй холбоотойгоор эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хурал ЭМЯ-нд боллоо. Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортлодог бол нийт эмийн 30 орчим хувь нь улсын бүртгэлтэй байдаг тухай албаныхан хэлэв.
Эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэхэд төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргасан уг хуралд ЭМЯ, ДЭМБ, Трансперенси, Интернешнл Монгол болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Манайд өнөөдөр үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр бүтээгдэхүүний ердөө наймхан хувь нь улсын бүртгэлд бүртгэгджээ. ЭМЯ, МХЕГ-аас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд хамруулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд одоогоор нийт эмийн 30 орчим хувь бүртгэлд хамрагдаад байгаа ажээ.
Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалаар 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой бол бусад төрлийн эмэнд оруулж ирсэн эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн үнийг тогтоодог байна. Валютын ханшийн өсөлтөөс хамаарч өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү үнэтэй байгаа аж. Иргэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр хэн нэгнээс сонссон дам сургаар худалдан авах эсвэл брэнд эмэнд илүү итгэх хандлагатай байдаг нь эм өндөр үнэтэй байхад нөлөөлдөг байна.
Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол Улс багтдаг аж. Тиймээс эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буух боломжтой гэнэ. Эмийн ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулахаар энэ удаагийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэснээр ард иргэдэд хүрч буй эмийн хүртээмжийг сайжруулах, чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэх, хамгийн боломжит бага өртгөөр иргэдийн гарт хүргэхийг зорьж байгаа аж.
Тодруулахад, дэлхий нийтэд хоёр тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа байдаг аж.


















