Энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд....
Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn энэ долоо хоногт манай улс оронд өрнөсөн дараах үйл явдлуудыг онцолж байна.
Мэдээллийн алба

Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn энэ долоо хоногт манай улс оронд өрнөсөн дараах үйл явдлуудыг онцолж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Зөвшилцөх тухай” албан бичгийг УИХ-ын даргад гардууллаа
2018.10.29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөх бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ. Дэлгэрэнгүйг>>>
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ илэрхийллээ
2018.10.31

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хэвлэлийн бага хурал зарлаж, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөх болсноо мэдэгдлээ. Дэлгэрэнгүйг>>>
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээг баталлаа
2018.10.31

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөлийн хуралдаан болж, гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг хэлэлцэж, санхүүжилтийн хэмжээг 36.22 сая ам.доллар байхаар тогтлоо. Дэлгэрэнгүйг>>>
"Цагийн хүрд" хөтөлбөр цогц шинэчлэлт хийлээ
2018.11.01
МҮОНРТ 1967 оны есдүгээр сарын 27-нд өргөн нэвтрүүлгээ цацсанаас хойш 51 дэх намартайгаа учран золгож буй "Цагийн хүрд" хөтөлбөр болон тус нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг "Монгол мэдээ" суваг дөрвөн төрлийн иж бүрэн шинэчлэл хийснээ танилцууллаа. Дэлгэрэнгүйг>>>
Б.Есүй Дэлхийн аварга боллоо
2018.11.01

Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байгаа Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ-д манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаагаас охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй дэлхийн аварга боллоо. Дэлгэрэнгүйг>>>
УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа
2018.11.02

УИХ-ын чуулганы энэ өдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс тавьсан шаардлагын хариуг УИХ-ын дарга бичгээр ирүүлсэн хэдий ч Засгийн газраас албан бичиг ирүүлээгүй тул хуралдаанд оролцох боломжгүй" хэмээн мэдэгдэж, хуралдааныг орхин гарлаа. Дэлгэрэнгүйг >>>
Яармагийн гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
2018.11.02

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор өрнүүлж байгаа ажлын хүрээнд Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Дэлгэрэнгүйг >>>
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа
2018.11.02

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 02-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Дэлгэрэнгүйг>>>
Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын эзнээр Б.Алтанхуяг тодорлоо
2018.11.02

Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран зохион байгуулсан "Цагаан - Уул" яруу найргийн наадам "Бүтээн байгуулагч залуусыг хайраар хөглөе" уриан дор болж, тэргүүн байрт Б.Алтанхуяг, аман хүзүүнд Т.Ганхүрэл, гуравт Т.Дарханхөвсгөл, дөрөвт Б.Жамбалдорж, айргийн тавд Д.Очиртөмөр багтжээ. Дэлгэрэнгүйг >>>


















