Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн баталлаа. Тодруулбал,

- Монгол Улсын Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг,
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэгийг,
- Сангийн сайдаар Б.Болорыг,
- Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг,
- Барилга, хот байгуулалтын сайдаар З. Баянсэлэнгийг,
- Зам, тээврийн сайдаар М.Зоригтыг тус тус томилж, тамгыг нь гардуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг томилохыг дэмжих саналыг 89.7 хувиар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг томилохыг дэмжих саналыг 88.1 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болорыг томилохыг дэмжих саналыг 91.7 хувиар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг томилохыг дэмжих саналыг 93.1 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилохыг дэмжих саналыг 87.5 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилохыг дэмжих саналыг 98.3 хувийн саналаар тус тус дэмжсэн байна. Улсын Их Хурлын дарга З.Энхболд шинээр томилогдсон сайд нарт баяр хүргэн хариуцсан салбартаа ажлын амжилт гаргахыг хүслээ.


Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын татамигаас хошой алтан медаль хүртсэн нь энэ долоо хоногийн нэг онцлох үйл явдал байлаа. Элэг нэгтнүүдийнхээ омогшлыг төрүүлсэн түүний барилдааныг ЭНДЭЭС үзээрэй.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Үндэсний музей, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей хамтран “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Эрүүл мэндийн салбарын зарим баримт бичгийг тодорхой хугацааны дараа устгах журам байдаг. Тухайлбал, өвчтөний түүхийг 50 жил, төрөлтийн түүхийг 20 жил хадгалаад устгадаг байна. Тэгвэл энэ долоо хоногт “Өргөө” амаржих газар хадгалах хугацаа нь дууссан буюу 1984-1994 оны төрөлтийн түүхийг төрүүлсэн эх, төрсөн хүүхдүүдэд нь гардуулж өгсөн. Энэ мэдээллийн мөрөөр олон уншигч манай редакцид хандаж, “төрөлтийн түүх”-ээ авч болох эсэх, авах бол хаана хандах хэрэгтэйг лавласан юм. Энэ талаар манай сурвалжлагч О.Шинэтуяа нийслэлийн амаржих газрууд болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга мэдээ авсан. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Орон нутагт зорчих гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү явах шаардлагагүй болсныг та сонссон уу. Нэг сарын өмнөөс орон нутаг руу явах хүн өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой болсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭСунших боломжтой.


Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах