Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


“Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймаг хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд энэ үеэр мэдээлсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Хог хаягдлыг дахин боловсруулж, хөрс, агаарын бохирдлоос салж, улмаар хэрэглээгээ хэмнэх боломж байгааг зохион бүтээгч, инженер И.Боди хэллээ. Тэрбээр хүнсний ногооны хаягдлыг ашиглан уснаас хурдан халдаг хэрнээ дулаанаа удаан хадгалдаг шингэн зохион бүтээжээ. Энэ шингэн нь байгалийн бүтээгдэхүүнээс гаралтай гэдгээрээ онцлог юм. И.Боди инженерийн зохион бүтээсэн шингэн машины “тосол”-той төстэй. Гэхдээ ахуйн хэрэглээнд хэрэглэх зориулалттай, хүний биед хор нөлөөгүй. Энэ тухай зохион бүтээгч И.Боди “Усыг цахилгаанаар халаахад 20-40 орчим минут зарцуулдаг. Харин миний хийсэн шингэн 10 минутын дотор л хална. Мөн -40 хэмд хөлдөхгүй. Гэтэл ус -10 градуст хөлдөж эхэлдэг” гэж ярилаа. Түүний хийсэн шингэнээр нийслэлд 700-800 орчим өрх халаалтаа шийдээд байна. Нам даралттай зуухаар гэрээ халаахад 250 орчим литр ус ашигладаг байсан бол 30 литр шингэнээр гэрээ бүрэн халаах боломжтой аж.


Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Нийслэлийн Эрүүл мэндийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд сэрүүн нөхцөлд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болдог гэж мэдээллээ. Толгой нүцгэн явбал ямар эрсдэлд хүргэж болохыг ЭНДЭЭС уншина уу.


Улаанбаатар хотод 700 орчим автомашины засвар үйлчилгээний цэг ажиллаж байна. Энэ салбарт ажлын байрны захиалга их байдаг ч мэргэжлийн түвшинд боловсон хүчин бэлтгэдэггүй байсан. Харин энэ долоо хоногт Монгол-Солонгосын политехникийн коллежид автомашины кузов засварын анги шинээр нээлээ. Он гарсаар манай улсын хилээр сард дунджаар 3000 орчим суудлын автомашин, 650 орчим ачааны машин орж ирсэн байна. Тэр хэмжээгээр автомашины парк шинэчлэл хийж байгаа. Жилээс жилд энэ тоо өссөөр байгаа учраас автомашины кузов засварын мэргэжилтний эрэлт ч өндөр байгааг Хөдөлмөрийн сайд хэлж байлаа. Автомашины кузов засварын шинэ анги 25 оюутныг элсүүлсэн. Ирэх жилээс элсэлтээ нэмж авах төлөвлөгөөтэй байгаа тухай сургуулийн удирдлагууд мэдээлж байв.


2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн ч, иргэд тэр бүр үйлчлүүлэхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Уг шинжилгээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдах боломжтой бөгөөд энэ жилийн тухайд 1985, 1982, 1979, 1976, 1973, 1970, 1967, 1964, 1961, 1958, 1955 оны хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ажээ. Тодруулбал, энэ шинжилгээг эмэгтэйчүүд харьяа өрхийн эмнэлэгтээ өгнө. Ингэхдээ сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед шинжилгээг өгөх ёстой юм байна. 11 дүгээр сарын 1-14-ний өдрүүдэд үргэлжилж байгаа умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд заавал хамрагдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.


Өнгөрсөн сарын 23-ны өдөр НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Тус хуралдаанаас иргэн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байх шийдвэрийг гаргасан юм. Энэхүү зохицуулалт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчилнэ. Энэ зохицуулалт өнөөдөр буюу 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах