Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг уншигч танд тоймлон хүргэж байна.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой нэгдүгээр сарын 13-нд тохиолоо. Монгол Улсын Үндсэн Хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд үе, үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн. Мөн тэд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан болж, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээ, “ТЭЦ-3”, “Химон констракшн”-ы бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:11 цагт мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг нээлтээ хийлээ. “Түүхэн хаалга”-ны өмнө болсон тууз хайчлах ёслолоор эхэлсэн нээлтийн ажиллагаа 600-гийн их студиэс орон даяар шууд дамжуулагдсан юм. “Монголын Мэдээ” сувгаар та нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлагуудыг хүлээн авч үзэх боломжтой. Нээлтийн ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг та ЭНДЭЭС уншаарай. Харин нээлтийн фото мэдээг ЭНДЭЭС үзэх боломжтой.
“Монголын Мэдээ” суваг
.jpg)
дээр байршиж байна.

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой. Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм.
Хэрэв та 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа, дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой юм байна. Үүнээс гадна энэ жилээс эхлэн цахим бүртгэлээр бүртгэх аж. Ингэхдээ иргэд эхлээд харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Мөн анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болно. Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгөх юм. Нэмж мэдээлэхэд, татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэд ирэх хоёрдугаар сарын 15 хүртэл шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.

Одонтой эхчүүдэд жил бүр олгодог халамжийн мөнгийг хэзээнээс олгох талаар бид Нийгмийн халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн дарга М.Лхагвасүрэнгээс тодруулсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.

MNB.MN сайт хүүхэд бүрийн мөрөөдлийг дээдэлж, дэмжиж ажиллахыг хичээдэг. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхэд багачуудынхаа сэтгэж, төсөөлж, мөрөөдөж зурсан зургийг бидэнд илгээнэ үү. Бид 20 хүүхдийн зурсан зургийг сонгон авч MNB.MN сайтад байршуулан уншигчдын хүртээл болгохоос гадна “Монголын мэдээ” сувгийн “Өглөөний мэдээ”-гээр олон нийтэд танилцуулна. Түүнчлэн нэг хүүхдийн бүтээлийг онцлон, зураачийг зочноор урих юм. Та зураг илгээхдээ cherrybolor@yahoo.com хаяг руу хүүхдийн зургийг тайлбар, овог нэр, харилцах утасны дугаар, мэйл хаягаа тодорхой бичиж илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 70127055 дугаар, cherrybolor@yahoo.com хаягаас асууж лавлах боломжтой.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:
1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Журам хэрэгжсэнээр банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой.
Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлөх юм. Та тээврийн хэрэгслийн албан татвараа "Дүнжингарав" худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан өгч болно.

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд зарим газраар, 18, 19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.


















