Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

“Алтанзул-2016” наадмын шилдгээр “Миний тал” бүтээл шалгарлаа

МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан хүүхдийн дууны шилдэг бүтээл шалгаруулах “Алтанзул-2016” наадмын шилдгүүдийн шагналыг гардуулах ёслол энэ долоо хоногт МҮОНРТ-ийн “600”-гийн их студид боллоо.

Хөгжмийн зохиолч С.Ганчимэгийн бүтээл, яруу найрагч Н.Баярын шүлэг “Миний тал” дуу шилдгийн шилдгээр шалгарав. Наадмын цом, өргөмжлөл, 10 сая төгрөгийг зохиогчид гардан авсан юм. Энэ дууг Монголын Хүүхдийн ордны “Квинт” хамтлаг дуулж, олон нийтэд хүргэсэн билээ. Уншигч та бүхэн “Алтанзул-2016” наадмын ахлах, дунд, бага насны ангилалд хэний бүтээл шалгарсан болон тусгай байрт хэний, ямар дуу шалгарсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны эцсийн шалгаруулалт болно

Өнөөдөр Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт болно. Энэ өдөр шалгарсан ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаана. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна.


Татварын буцаан олголтыг өгч эхэллээ

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд Хувь хүний албан татварын хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг. Харин энэхүү татварын буцаан олголтыг энэ долоо хоногийн пүрэв гарагаас өгч эхэллээ.

Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлд 33.1 мянган иргэнд 26 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон. Татварын газраас баталгаажуулж ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд мөнгийг нь олгож эхэлжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Японоос автомашин оруулж ирэхэд гаалийн татвар авахгүй

Сүүлийн таван жил яригдсан Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ирэх сараас хоёр талд зэрэг хэрэгжиж эхэлнэ. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр манай улс 97 бүлгийн 5700 орчим, Япон улс 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифыг “тэглэх” буюу “бууруулах” юм. Тодруулбал, тус хэлэлцээрийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар шууд хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдөр буюу ирэх сарын долооны өдрөөс “0” болно.

Харин “В” (B3, B5, B7, B10- В-ийн арын тоо жилийг заана) гэсэн тэмдэглэгээтэй барааны гаалийн тариф заасан жилийн үе шатлалаар жигд буурах замаар “0” болох юм. “Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифт өөрчлөлт орохгүй, одоо гаальд мөрдөж байгаа нэн тааламжтай тарифийг хэрэглэхээр хэлэлцээрт харилцсан тохиролцжээ.

Харин иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дунд уг хэлэлцээр хэрэгжиж эхлэх үед Япон улсаас импортоор орж ирж буй бүх бараа татваргүй болох мэтээр ойлгож байгаа. Энэ нь бүх төрлийн татварын асуудал огт биш, зөвхөн “гаалийн тариф”-ийн талаарх асуудал гэдгийг Гаалийн тариф, татварын газраас мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гаалийн байгууллага төвлөрүүлдэг “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Авто бензин, дизель түлшний албан татвар”, “Онцгой албан татвар” зэрэг бусад төрлийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай

Улаан бурханы өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ныг дуустал хийх хуваарь гаргасан юм. Гэтэл вакцинд хамрагдалт муу байсан тул хугацааг сунгаж энэ сарын 31-нийг хүртэл нэмэлт дархлаажуулалтыг хийхээр шийдвэрлэлээ. Залуусыг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя.


Говь, талын нутгаар салхи ширүүсэн шороон шуурга шуурч, нутгийн зүүн хагаст сэрүүснэ

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 28-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Хуваалцах