Энэ жил 34 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна
Монгол Улсын нийт экспортын дөрөвний нэг хувийг эзэлдэг нүүрс манай эдийн засгийн чухал салбар юм. Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортлосон бол энэ жил 34 сая тоннд хүргэхээр зорьж байна.
Мэдээллийн алба

"COAL MONGOLIA-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт “SS Convention Center”-т эхлээд байна. Чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний салбарийн өнөө ирээдүйн талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын нийт экспортын дөрөвний нэг хувийг эзэлдэг нүүрс манай эдийн засгийн чухал салбар юм. Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортлосон бол энэ жил 34 сая тоннд хүргэхээр зорьж байна.
“Биднийг том зорилт, том ажлууд хүлээж байна. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шингээх боломжтой нүүрсний салбарт манай улс ирэх жилүүдэд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Coal Mongolia 2014” олон улсын чуулганы нээлтэд оролцохдоо хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс боловсруулалт, экспортын чиглэлээр хоёр том хэлэлцээр хийж албажуулсан юм.
20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон нь ойрын ирээдүйд энэ салбарын хөгжлийг тодорхойлсон гол үзүүлэлт. Энэ хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болно. Бас нэг том төсөл бол Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах. 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан энэ үйлдвэр жилдээ 50 сая тонн нүүрс боловсруулна. Үйлдвэрлэсэн хийн түлшээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй Хятадын зах зээлд борлуулахаар зорьж байна. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл ч эхлээд байна гэж Ерөнхий сайд хэлсэн. Мөн тэрээр “Зөвхөн нүүрсэнд түшиглэсэн дээрх төслүүд Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэх гээд нийгэм, эдийн засагт олон хэлбэрээр үр нөлөө өгнө” гэлээ.
Арваад орны 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа “Coal Mongolia 2014” чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, нүүрсний салбарын боломж, тулгамдсан асуудлын шийдлийн талаар мэргэжилтнүүд, бизнесийнхэн, хөрөнгө оруулагчид хамтран хэлэлцэх юм.


















