Энхийг сахиулагчид маань Парианг суурингийн хүүхдүүдийг баярлуулав
"UNMISS" ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Парианг суурингийн дунд сургуульд “Үдийн завсарлага” хөтөлбөрийг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

"UNMISS" ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Парианг суурингийн дунд сургуульд “Үдийн завсарлага” хөтөлбөрийг зохион байгуулжээ.
Баталионы эмэгтэй энхийг сахиулагчдийн зүгээс “Үдийн завсарлага” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 200 гаруй эмэгтэй сурагчдыг хамруулан тэдэнд төрөл бүрийн сургалт, танин мэдэхүйн хичээлээр сурган зааварласан юм. Тухайлбал, Монгол орны түүх, ёс заншил, гар урлалын тухай сургалт болон хүүхдийн эрхийн талаар сурагчдад мэдээлэл хүргэж, хүүхэлдэйн кино, төрөл бүрийн видео хичээлийг үзүүллээ.

Мөн гарын доорх материалуудыг ашиглан ахуйн хэрэглээгээ хөнгөвчлөх сургалтыг зохион байгуулж, хөтөлбөрт хамрагдсан нийт сурагчдад өөрсдийн урласан гарын бэлгийг гардуулан өгсөн. “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан манай эмэгтэй энхийг сахиулагчид өөрсдөө баярлаад зогсохгүй орон нутгийн эмэгтэй сурагчидтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, тэдэнд инээд хөөр, итгэл найдвар бэлэглэх нь бидний гол зорилго байлаа” хэмээн 2 дугаар мотобуудлагын ротын захирагч, хошууч Ц.Нэргүй энэ үеэр онцолж байв.

Хөтөлбөрийн төгсгөлд математик, газар зүй, англи хэл зэрэг үндсэн хичээлүүдийн буланг тус тусдаа багтаасан цогц ширээг сургуулийн удирдлагад гардуулан өгсөн. Энэ үеэр сургуулийн захирал Саймон Мижок хэлсэн үгэндээ “Өмнө нь IV ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид манай сургуулийг засварлаж, хүүхдүүдийг ая тухтай суралцахад нь ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Харин өнөөдөр V ээлжийн мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчдын зүгээс зохион байгуулсан хөтөлбөр бидэнд богино хугацаанд олон шинэ мэдээлэл, туршлагийг өгч чадлаа. Өөрсдийн санаачилгаар сэтгэлээ шингээн урлаж, бид бүхэнд эдгээр зүйлсийг бэлэглэсэн та бүхэнд маш их баярлаж байна. Гарын доорхи материалыг ашиглан хэрэгтэй зүйлсийг хийж болдог гэдгийг монгол эмэгтэйчүүд бидэнд зааж өглөө” хэмээн сэтгэгдлээсээ бид бүхэнтэй хуваалцаж байсныг энд дурдах нь зүйтэй. Дашрамд, энхийг сахиулагчид маань ирэх сард тус сургуулийн сургалтын танхимуудыг өөрсдийн санаачилгаар засварлах төлөвлөгөөтэй байгаа ажээ.



















