Энхийг сахиулагчид Төрийн одон медалиар энгэрээ мялаалаа
Ажиллагааны зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Мэдээллийн алба

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж, төр засаг, эх орон, ард түмэн, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэн ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчид өнөөдөр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хошууч Б.Ганбаатар, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан, "Энхийн төлөө" медалиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад Б.Ганжигүүр, ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч Б.Билгүүн нарын 6 алба хаагч, "Батлан хамгаалах яамны Жуух бичиг"-ээр цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Сүхбат, "Афганистанд-Энхийн төлөө" медалиар 100 гаруй алба хаагчид энгэрээ мялаалаа. Шагналыг Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын удирдлагууд гардуулан өгсөн юм.

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ний ажиллагаа болон АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажилагаа нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж, НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа 2015 оны нэдгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Ажиллагааны зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-ийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам


















