Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдэл хийлээ
ШӨХТГ-аас Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдэл хийлээ.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлд, "ШӨХТГ-аас Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хийсэн тул албан ёсоор хуулийн дагуу дараах тайлбарыг хийж байна.
Нэг: Эрчим хүчний тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.”Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байна.” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн статус, чиг үүргийг тодорхойлжээ. Энэхүү чиг үүргээ ЭХЗХ хэрэгжүүлэхдээ эрчим хүчний талаарх төрийн бодлогын хүрээнд аливаа байгууллага, албан тушаалтан хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлдэг. Эрчим хүчний тарифын талаар ЭХЗХ-оос 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан шийдвэр нь УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хүрээнд гарсан юм. Энэ тогтоолын хавсралт буюу эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний чиглэлийн 4.2-т “Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах асуудлыг шуурхай шийдвэрлэх” гэж заагаад энэ ажлыг Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус шууд даалгасан байна.
Хоёр: Эрчим хүчний үнэ тарифыг хянаж, батлах нь ЭХЗХ-д хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Тухайлбал: Эрчим хүчний тухай хуулийн:
9.1.4.тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх; /Эрчим хүчний тухай хуульд 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр орсон нэмэлт, өөрчлөлт/
9.1.5. эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох;
гэж тус тус заасан байна.
Гурав:Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолыг хүчингүй болгох субьект нь ШӨХТГ биш бөгөөд энэ талаар эрх зүйн зохицуулалтыг Эрчим хүчний тухай болон Өрсөлдөөний тухай хуулиудад нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь эрх бүхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан бол Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэж заасан байна.
Дөрөв: Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.
Гэтэл манай орны эрчим хүчний салбар нь шудрага өрсөлдөөнт зах зээл бус үнэ тарифын хатуу бодлого, төрийн зохицуулалттай зах зээл бөгөөд энэ тохиолдолд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн үйлчлэл эрчим хүчний зах зээлд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.
Өрсөлдөөний тухай хуулийн үйлчлэл эрчим хүчний зах зээлд хамаарах ёстой бол харин ч уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт “.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн” үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Эрчим хүчний үнэ нэмэх шалтгаан санхүү эдийн засгийн байдалтай салшгүй холбоотой. Иймд салбарын өнөөгийн байдлын талаар товч дурдвал:
Хэрэглэгчдэд худалдаж буй эрчим хүчний үнэ тариф нь өөрийн өртөгт хүрээгүйн улмаас Монгол Улсын түлш, эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээний санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөт засвар үйлчилгээ, техник зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг бүрэн хийх, найдвартай ажиллагааг хангахад хүндрэл учруулж байна.
Эрчим хүчний компаниуд нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанаас 2012 онд 66.3 тэрбум төгрөгийн, 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн Дулааны цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нүүрс нийлүүлж буй томоохон уурхайнууд болох Багануур, Шивээ овоо ХК-иуд 2013 онд нийт 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байна.
Өнөөгийн байдлаар Төвийн бүсийн хэмжээнд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 2014 оны байдлаар 145 төгрөгт хүрч байгаа боловч хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 105 төгрөг байгаа буюу өртөгөөс 40 төгрөгөөр доогуур байгаа болно. Харин дулааны эрчим хүчийг өөрийн өртөгөөс нь 2-3 дахин бага үнээр хэрэглэгчдэд борлуулж байна.
Цахилгаан эрчим хүчний үнийг 5 төгрөгөөр нэмэгдүүлснээр сард 150 - 200 кВтц хэрэглээтэй айл өрхийн хувьд сарын төлбөр 750 - 1000 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ер нь айл өрхийн орлогод цахилгаан эрчим хүчний төлбөрийн эзлэх хувийн жин жилээс жилд буурч ирсэн ба 2005 онд өрхийн орлогын 8.1 %-ийг эзэлж байсан бол 2014 онд 3.2 %-ийг эзэлж байгаагаас харахад эрчим хүчний үнэ харьцангуй тогтвортой байгаа юм" гэжээ.



















