Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэт хотын төвд орж ирсэн малыг хашина

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Орхон аймгийн Засаг даргийн шуурхай зөвлөлгөөнөөр Эрдэнэт хотод малын шүлхий өвчиний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэт хотын төвд орж ирсэн малыг хашина
Эрдэнэт хотын төвд орж ирсэн малыг хашина. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн төвд болон манай аймагтай хил залгаа сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ариутгалын постууд гарган 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Түүнчлэн Баян-Өндөр сумын нутагт өвөлжиж байгаа малыг вакцинжуулах, өвөлжөө хашааг ариутгах ажил хийгдээд дуусах шатандаа явагдаж байна. Харамсалтай нь зарим иргэд малдаа вакцин хийлгэхгүй гэх мэтээр эсэргүүцэх явдал гарч байгаа аж.

Түүнчлэн Булган аймгийн сумдад хөл хорио тогтоосны улмаас манай аймгийн түлээний захуудад түлшний нөөц дуусч, үнэ нь өсөх хандлагатай болжээ. Булган аймгийн Сэлэнгэ суманд шүлхийн сэжигтэй тохиолдол илрээд байсан ч тэр нь шүлхий өвчин биш байсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсоноор тус сумыг чиглэсэн авто замын хөдөлгөөнийг нээж, түлшний мод оруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Мөн Булган аймгийн сумдын удирдлагуудтай ярилцаж тохиролцон бусад сумдын шүлхий гараагүй эрүүл бүсээс Эрдэнэт хот руу түлшний мод оруулах асуудлыг шийдвэрлэжээ.

Орхон аймгийн холбогдох албад Эрдэнэт хотод малын шүлхий өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Ялангуяа Эрдэнэт хотод мал байлгах эсэх, зуны улиралд хотын төв рүү шахаж буун малаа оруулдаг малчдыг хэрхэх талаар бодлого боловсруулахыг Баян-Өндөр сумын Засаг даргад үүрэг болгожээ. Одоогоор шүлхий өвчний хорио цээрийн үед мал бүхий иргэд хотын төв рүү малаа оруулсан тохиолдолд малыг нь шууд хашиж байх шийдвэрийг гаргаад байна.

Хуваалцах