Эрдэнэтчүүд энэ сарын 11-нд хотынхоо баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ
Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08/07 тоот тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг "Эрдэнэт хотын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Мэдээллийн алба

Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08/07 тоот тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг "Эрдэнэт хотын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Энэхүү түүхэн өдрийг анх удаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, өрхийн аж ахуй, жижиг бизнесийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн М.Батцэнгэл, БСУГ-ыг Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаатар нар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.
Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа 12 дугаар сарын 8-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд загварын шоу үзүүлбэр, үзэсгэлэн худалдаагаар эхлэх юм. Мөн энэ сарын 9-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн музей, “Хөх Монгол” цогцолбор, “Сархиа” цанын бааз гэх мэт зарим байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн өдрийг угтан зарим компани, худалдааны төв, үйлчилгээний газрууд 10-50 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээнүүдийг үзүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Эрдэнэт хотын шөнийн анхны гэрэлт гудамжны нээлтийн ажиллагаа болохоос гадна “Амар”-ын талбайд Эрдэнэт хотын гаралтай “Гурван бүдүүн”, “Сүнс” гэх мэт хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөж, карнавал шоу зохион байгуулагдах аж. "Эрдэнэт хотын өдөр"-өөр тус аймгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн автобусууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна.
Ойн арга хэмжээг дэмжиж хямдрал зарлах, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж байгууллагууд тус аймгийн ЗДТГ-т мэдэгдлээ ирүүлсээр байна гэж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


















