Эрдэнэтийн гэр хорооллын айлуудын хогийг дуудлагаар ачна
Орхон аймгийн Засаг даргын Зөвлөлөөс “Гэр хорооллын хог хаягдлыг хувь хүн, иргэдийн оролцоотойгоор ачиж, тээвэрлэх” журмыг баталлаа. Уг журмыг аймгийн Хот тохижуулах газраас боловсруулсан байна.
Мэдээллийн алба

Орхон аймгийн Засаг даргын Зөвлөлөөс “Гэр хорооллын хог хаягдлыг хувь хүн, иргэдийн оролцоотойгоор ачиж, тээвэрлэх” журмыг баталлаа. Уг журмыг аймгийн Хот тохижуулах газраас боловсруулсан байна. Тус газрын хог ачих тээвэрлэх үйл ажиллагаа хуучин хэвээрээ буюу баг тус бүрд 2 сард нэг удаа ачилт хийдэг хэвээр үргэлжилнэ.
Тодруулбал, Хот тохижуулах газрын графикт ачилт таны оршин суугаа багт очоогүй үед дуудлага өгч хогоо ачуулах боломжтой болж байгаа юм. Ингэхдээ та нэг хогийн сав буюу 0.4 куб.метр хог тутамд хоёр мянган төгрөг төлнө.
Мөн Баян-Өндөр сумын гэр хорооллын бүх баг буюу 14 багийн Засаг даргын ажлын алба, Хот тохижуулах газарт дуудлагын утас ажиллана. Хог хаягдлыг дуудлагаар ачих үйлчилгээг тодорхой шаардлагыг хангасан иргэд үзүүлнэ. Тухайн иргэн нь 2 тонноос дээш даацтай, дунд оврын ачааны машинтай байх ёстой.
Эдгээр хүмүүс нь дуудлагаар хог ачсан орлогоо өөрөө авав бөгөөд Хот тохижуулах газраас жишиг нормативаар тооцож шатахууны зардал олгох аж. Эргэлтийн хийсэн тоо бүртгэлийг хогийн нэгдсэн цэгт ажиллаж буй диспетчерүүд хариуцахаар журамд тусгажээ. Энэ ажлын хүрээнд баг тус бүрээс өдөрт 396 куб.метр хогийг ачиж, тээвэрлэх боломжтой гэж ХТГ-ын дарга Б.Оюунбаяр хэллээ. Уг үйлчилгээ ирэх долоо хоногоос албан ёсоор эхэлнэ.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өдөрт 404 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, хогийн нэгдсэн цэгт хаяж байна. Хотын хогийн нэгдсэн цэгийг 1977 оноос хойш ашиглаж одоогоор 80.3 га газарт таван сая шоо метр хог хуримтлагджээ гэж erdenet.mn цахим хуудаснаа мэдээллээ.


















