Эрдэнэцагаан суманд хонины нэхий 200 төгрөг байна
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хонины арьс, өлөнтэйгөө 500 төгрөг, өлөнгүй арьс 200 төгрөгийн үнэтэй байна.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хонины арьс, өлөнтэйгөө 500 төгрөг, өлөнгүй арьс 200 төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн зунаас хойш малын гаралтай түүхий эдийн үнэ хямдарсан учраас малчид малаа бага зарсан. Одоо бэлэн мөнгөтэй хүн энэ суманд ховор байна.
Өвлийн эхэн сар гэдэг хөдөөд яг идэшний цаг учраас малын махны үнэ нэмэгддэг, мөн төв суурин газраас мал худалдах авах гэсэн хүмүүс харьцангуй ихэсдэг үе байдаг. Гэтэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдал эсрэгээрээ байгааг манай сэтгүүлч С.Сүхбаатар сурвалжлаад ирлээ.

Ихэнх нутгаар цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй учраас малчид малаа цөөлөх, худалдах сонирхол их байгаа ч малчид малаа зах зээлд гаргаж чадахгүй зогсонги байдалд оржээ.
“Эндээс мал худалдаж авч байгаа хүн алга. Ганц хоёрхон хүн л хойшоо гаргана гэж л авсан”, “Төлөг 40 мянган төгрөг, эм хонь 50 мянган төгрөгийн ханштай зарагдаж байна. Махны ханш их муу байна”, “Бид нэг бяруу авлаа. Нэг бяруу 100 кг хүрнэ гэж бодоод нэг килограммыг нь 2500 төгрөгөөр хотод бөөний үнээр өгөхөд сум, орон нутгаас 250-300 мянган төгрөгөөр авсантай адил үнэтэй болж байна. Тиймээс тээвэрлэх ямар ч боломжгүй болчихоод байна” гэж малчид ярьж байна.

Манай улс БНХАУ-тай гэрээ хийж 10 дугаар сараас Бичигтийн боомтоор адууг хөлөөр гаргаж эхэлсэн. Энэ үеэр Эрдэнэцагаан суманд адууны үнэ өсч, нэг килограмм мах 3200 төгрөг болж байжээ. Гэтэл гурван долоо хоногийн өмнө адууны экспортыг зогсоох шийдвэрийг Улсын мэргэжлийн хяналтыг газраас гаргасан. Ингэснээр адууны үнэ буурч, нас бие гүйцсэн морийг махлаад зарахад 600 мянган төгрөг хүрэхгүй байгаа тухай малчид ярьжээ.

Одоогийн байдлаар мал турж эцэх нь гайгүй байгаа ч, нэгдүгээр сараас хойш тарга хүчээ алдаж, зарч борлуулах боломжгүй болдог. Үүнээс урьтаж БНХАУ-руу адуу гаргах, малынхаа түүхий эдийг үнэд хүргэх хэрэгтэй байгааг малчид ярьж байна.

Саяхан цахим хэвлэлээр хятадууд монгол адууг тамладаг, зүй бусаар нядалдаг тухай мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой адууг хөлөөр нь урд хөрш руу гаргахыг зүгээс зогсоожээ. Гэхдээ энэ бол ташаа мэдээлэл гэдгийг БНХАУ-ын зүгээс мэдэгджээ. Адууг хөлөөр гаргаснаар адууны үнэ өснө, өөр бусад аж ахуйн орлогогүй хөдөөд энэ нь малчдад л ашигтай юм гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна.
Д.Нарантуяа


















