Эрээнд сурч буй монгол сурагчидтай уулзалт хийлээ
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул Г.Төмөрбаатар 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Эрээн хотын 1 дүгээр дунд сургуулийн ахлах болон төгсөх ангийн
Мэдээллийн алба

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул Г.Төмөрбаатар 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Эрээн хотын 1 дүгээр дунд сургуулийн ахлах болон төгсөх ангийн 130 гаруй монгол сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хийж, сургалт, хүмүүжлийн асуудлаар ярилцан санал бодлыг нь сонслоо.
Энэхүү арга хэмжээ нь монгол иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрээн дэх Консулын газраас хариуцан ажилладаг нутаг дэвсгэрт нь байрладаг Эрээн хотын 1 дүгээр дунд сургууль, Монгол сургууль, Өвөрмонголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь салбар сургууль, Шилийнхотын Ажил мэргэжлийн дээд сургуульд суралцаж буй монгол оюутан, сурагчдад зориулан суугаа орны хууль тогтоомж, ёс заншлыг хүндэтгэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 оноос эхлэн хийж буй уулзалт, ярилцлагын нэг юм.

БНХАУ-ын Эрээн хотод одоогийн байдлаар нийт 559 монгол сурагч, 459 монгол оюутан суралцаж байна.ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР


















