Ерөнхий сайд төвийн бүсийн бүтээн байгуулалттай танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөтөлийн “Цементийн үйлдвэр”-ийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцож, шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажилтай болгож, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний компаниуд болон хөтөлчүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцлаа.
“Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” өргөтгөл шинэчлэлт хийснээр улирлын чанартай үйлдвэрлэл явуулахаа больж жилийн дөрвөн улиралд байнгын ажилладаг болжээ.
“Эрэл” цементийн үйлдвэр өнгөрсөн онд 50 гаруй мянган тн цемент үйлдвэрлэсэн бөгөөд энэ жил 100 мянган тн-ыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөтөлийн “Цементийн үйлдвэр”-ийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцож, шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажилтай болгож, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний компаниуд болон хөтөлчүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Хөтөлийн “Цемент-шохой” ХК 30 жилийнхээ босгон дээр хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлж, дотоодын цементийн хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэж чадахаар боллоо. Үндэсний компаниуд хөрөнгө гаргаж, Хөгжлийн банк дэмжин ажилласнаар жил зургаан сарын хугацаанд шинэ үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Манай улс 2013 онд хоёр сая тн цемент хэрэглэсэн бөгөөд шинэ үйлдвэр энэ хэрэгцээний 50 хувь буюу жилд нэг сая тн-ыг үйлдвэрлэнэ. Монголын төр, хувийн хэвшил хамтраад зүтгэвэл эх орондоо ихийг хийж бүтээж чадна гэдгийг энэ түүхэн үйл явдал нотолж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газраас 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажиллаж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ шаардлагад бүрэн нийцсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс гадна Дорноговь аймагт жилд хоёр сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орох юм. Энэ мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд Чингис бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ гэлээ.


















