“Familymart”, “Wayfair” нэртэй программ ашиглан 20000 хүртэлх ам.доллар залилсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Дээрх залилах хэрэг 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.
Мэдээллийн алба

Цахим орчинд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа авч дээрх аппликейшнийг нэг жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйлдлээр иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна. “FT group” аппликейшн Монгол Улсын иргэдэд зориулан монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулжээ.
Дээрх залилах хэрэг 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.
Түүнчлэн иргэдийг дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор хэн нэгний “таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө” гэх мэт худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байх, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө.


















