Г.Жавхлан: Цэргийн хөгжимчнөөр албандаа үлдэхээр шийдсэн
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн хөгжмийн салаатай болоод байна.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн хөгжмийн салаатай болоод байна. Авьяаслаг дайчдын нэгэн төлөөлөл байлдагч Г.Жавхланг урьж ярилцлаа.
-Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулаач?
-Намайг Ганхуягийн Жавхлан гэдэг. Үндэсний техникийн их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр элсэж орж, сар гаруйхан хугацаанд суралцаж байгаад цэргийн албанд татагдан ирсэн. Аав, ээж хоёр маань цэргийн алба хаахыг маш их дэмжсэн. Ам бүл тавуулаа. Айлын дундах нь.
-Ангийн хөгжмийн салаанд анх шалгуулахаар орж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Тэнцэхгүй бол яана аа гэж бодож байсан. Манай салааны дарга “Чи гитар тоглодог юм чинь тэнцэнэ” гэж хэлэхэд нь баярласан.
-Хөгжмийн салаанд хамрагдсанаар чиний хувьд ямар давуу тал ажиглагдав?
-Өөрийгөө хөгжүүлнэ, бас сонсгол сайтай болно. Хамгийн чухал давуу тал нь хөгжмийн салаанд хөгжимчнөөр үлдэх. Надад энэ нь маш их таалагдсан. Би ангидаа хөгжимчнөөр үлдэхээр шийдсэн. Гэр бүлийнхэн маань ч дэмжиж байгаа.
-Хөгжим сурч байгаагаа гэр бүлийнхэндээ дуулгасан уу. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Дуулгасан. Манай гэр бүлийнхэн намайг дэмжиж байгаа. Ээжийн ах цэрэгт гурван жил алба хаахдаа хөгжмийн салаанд байсан гэсэн. Намайг зөв зүйлээ сонгосон байна гэж магтсан.
-Цэргийн алба хааж буй энэ цаг хугацаанд өөрийгөө хөгжүүлж байна уу. Гэртээ байхдаа чөлөөт цагаа яаж өнгөрөөж байсан бэ?
-Гэртээ байхдаа чөлөөт цагаа гар утас их хэрэглэдэг, фэйсбүүк ухаж л өнгөрөөж байсан. Харин энд чөлөөт цаг маань маш үр дүнтэй өнгөрч байна. Хамгийн наад зах нь хүнтэй харьцах, хүнээс үг зэмлэлийн үг сонсож сурах, бусдаас суралцах гээд давуу тал олон. Сэргэлэн байвал энэ жилийн хугацаанд олон зүйлийг сурах боломжтой.
-Өөрийгөө хэр нийтэч гэж боддог вэ?
-Би надтай ярихгүй бол дуугүй л байдаг хүүхэд байсан. Энд олон найз нөхөдтэй болж, хүнд өөрийгөө танилцуулахаас эхлээд нүүр хагарч байна. Өмнө нь ах маань зэмлэхээр нь шууд уурладаг байсан. Одоо бол тэр байдал маань өөрчлөгдсөн. Манай салааны дарга бидний зүрх рүү хатгаж буй мэт сургамжтай зүйлсийг байнга хэлдэг. Цэрэгт ирээд өөрийгөө хүмүүжиж байгаа гэж боддог.
-Чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөж байна вэ?
-Чөлөөт цагаараа бөмбөрийн цохилтыг өөрийнхөө хөл дээр хийдэг. Цохилтуудаа гартаа оруулж авах нь миний чухал зорилго.
-Аяа бүрэн гүйцэд сурсны дараа ангийн үйл ажиллагаанд хөгжмөө тоглож оролцоно гэхээр хэрхэн төсөөлөгдөж байна?
-Маш гоёор төсөөлж байна. Тангаргийн баяраар хөгжмийн салааны хүмүүс ирж тоглоход маш гоё санагдсан. Урд өмнө нь тийм хөгжим сонсож байгаагүй болохоор цочсон. Манай онжавууд хүртэл биднийг мундаг байна гэж байсан.
-Арван тавуулаа өөр өөр хөгжмөөр нэг аяыг тоглож сурна гэдэг гайхалтай шүү...
-Хааяа унтахаас өмнө төсөөлж боддог. Анхны хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн хөгжмийн салаа байгуулагдаж байгаа гэхээр өөрөөр бахархдаг. Зэвсэгт хүчинд бага ч гэсэн зүйлийг хийж байгаадаа баяртай байгаа.
Хуурай замын цэргийн командлал


















