Гадаад харилцаа болон эдийн засгийг нэгтгэх нь буруу гэв
Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж нэрлэх нь олон улсын жишигт төдийлөн нийцэхгүй гээд нэрийг нь Гадаад харилцааны сайд гэж үлдээгээд чиг үүрэгт нь гадаад эдийн засгийн асуудлыг хавсаргаж болно гэдгийг хэллээ.
Мэдээллийн алба

Чуулганаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна. УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Засгийн газрын бүтцийн асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар яагаад Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны чиг үүрэгт хамаарч байсан хүнд үйлдвэрийн салбарыг Уул уурхайн яамны чиг үүрэгт шилжүүлэх болсон талаар асуулаа. Өөрөөр хэлбэл, ачаалал ихтэй байдаг Уул уурхайн яаманд ҮХААЯ-ны эрхлэх асуудлыг шилжүүлэх нь их ачаалал үүсгэнэ гэж Б.Гарамгайбаатар гишүүн үзжээ. Түүний энэ асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийн явцад зарим нэр бүхий гишүүдээс ийм санал гарсан, тэгээд ч яамдуудад дэд сайд гэж байгаа учраас хүндрэл үүсэхгүй байх гэж бодож буйгаа хэллээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж нэрлэх нь олон улсын жишигт төдийлөн нийцэхгүй гээд нэрийг нь Гадаад харилцааны сайд гэж үлдээгээд чиг үүрэгт нь гадаад эдийн засгийн асуудлыг хавсаргаж болно гэдгийг хэллээ.
Түүнчлэн Ж.Энхбаяр гишүүн улсынхаа эдийн засгийн асуудлыг гадаад харилцаа, гадаад бодлогын асуудлаас тусдаа авч үзэх хэрэгтэй. Энэ нь эргээд улсын тусгаар, аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр мөн Гадаад хэргийн асуудал гэдгийг зөвхөн гаднын аль нэг улсаас зээл авах тухай ойлгож байгаа нь буруу гээд ийм чухал асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо улс төр, фракц бүлэглэлийн үүднээс хандаж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


















