Гадаадад төгсөгчдийн нэгдсэн хурал ирэх зургадугаар сард болно
Чуулганыг зохион байгуулах гол үүргийг Герман болон Турк Улсад сургууль төгсөгчдийн холбоо хариуцан ажиллах юм.
Мэдээллийн алба

Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл ТББ-ыг байгуулах анхдугаар чуулганыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдын ивээл дор зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар Монгол Германы гүүр, Туркэд төгсөгчдийн нийгэмлэг, Их Британид төгсөгчдийн холбоо, БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны залуустай уулзлаа.
Уг уулзалт нь дөрөв дэх удаагаа болж байгаа бөгөөд эх орны хөгжил, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд бодитоор хувь нэмрээ оруулахаар гадаадад төгсөгч залуучууд нэгдсэн зохион байгуулалтад орж байгааг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6.-д гадаадад боловсрол эзэмшсэн, хөдөлмөр эрхлэж байсан залуучуудыг эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлэхээр тусгасны дагуу ирэх зургадугаар сарын 15-нд нэгдсэн зөвлөлийн анхдугаар чуулганыг зохион байгуулахаар боллоо.
Чуулганыг зохион байгуулах гол үүргийг Герман болон Турк Улсад сургууль төгсөгчдийн холбоо хариуцан ажиллах юм.
Иймд идэвхи санаачлага гарган, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулахаар хүсэлтээ ирүүлсэн залуучуудад талархал илэрхийлье.


















