Гадны хөрөнгө оруулагчдад таатай цахим орчин байгуулна
Гадаад улсын иргэн, хуулийн этгээд Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүү
Мэдээллийн алба

Гадаад улсын иргэн, хуулийн этгээд Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
E-business.mn вэб сайтыг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn-д суурилан хийж, эхний хувилбар бэлэн болсон. Энэ системд хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээ бэлэн байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
- Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах,
- Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай линкээр эсвэл API-аар холбох ажлыг хэрэгжүүлэх,
- Цахимжаагүй 133 зөвшөөрлийг license.mn-д оруулах
- Гадаадын иргэдийг таньж баталгаажуулах, хуулийн этгээд цахимаар байгуулах талаар эрх зүйн орчныг судалж, санал боловсруулах чиглэлээр үүрэг өглөө.
E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:
• Дипломат төлөөлөгчийн газар болон консулын газруудаар дамжуулан гадаадын иргэдэд тоон гарын үсэг олгож таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлнэ.
• Гадаадын иргэд тоон гарын үсгээ ашиглан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бүртгүүлэх боломжийг бий болгоно.
• Монгол Улсад татвар төлөх боломж бүрдэнэ.
• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.
• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.
• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.
• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.
• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.
Эх сурвалж: ЦХХХЯ


















