Гал түймрийн дуудлага өмнөх өдрүүдийнхээс 3 дахин өсчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр улсын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага болон хувийн өмч хөрөнгөд гарсан ахуйн гал түймэр, ой хээрийн түймрийн хэд хэдэн дуудлага ирж, гал түймрийн дуудлага өмнөх өдрүүдийнхээс 3 дахин өсчээ.
Мэдээллийн алба

Ихэвчлэн бэлтгэж базаасан боодол өвс, хур хог, хашаа байшин шатсан байна. Тухайлбал, бямба гарагт Налайх дүүргийн 5-р хороонд иргэн Баасанжавын 350 боодол өвс шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал, түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраажээ.
Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Сүхбаатар дүүргийн 20-р хороонд хашаа саравч, хатсан шар өвс шатсаны улмаас иргэн айл өрхөд багагүй хохирол учирсан байна.
Дархан-Уул аймагт байшин шатсаны улмаас өчигдөр 58 настай эрэгтэй түймэрт өртөж амь насаа алдсан байна. Ялангуяа айл өрхүүд унанги модны навч, шарласан өвс, хур хог, хашаа хороогоо цэвэрлэх үедээ гал тавьж аюулгүй байдал алдагдсанаас ахуйн гал түймэр гарах эрсдэлтэй байгаа юм байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг галын аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.