Гамшгийн эрсдлийн удирдлагын мэргэжилтнүүд үнэмлэхээ гардлаа
Онцгой байдлын байгууллага 2019 онд Гамшгийн эрсдлийн удирдлагын тогтолцоонд шилжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд “Гамшгийн эрсдлийн үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтэн”-ий орон тоог бүтцийн шинэчлэлээр баталсан.
Мэдээллийн алба

Гамшгийн эрсдлийн үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд Азийн хөгжлийн банкны “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр сургаж, бэлтгэгдэн мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Сургалтын 45 хоногийн хугацаанд гамшгийн эрсдлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, цэргийн хэргийн мэдлэг дадлагыг эзэмшлээ.

Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадын уялдаа холбоог хангаж, гамшгийн эрсдлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.