Гашуунсухайт боомтын ачаалал эрс буурлаа
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн кабиныг байгуулснаар дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдээ.
Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах чиг үүргийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахин хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр аливаа хүндрэл, бэрхшээлгүйгээр шуурхай шалган нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг дэх Гашуунсухайт шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрч буй зорчигч тээврийн болон эрдэс баялаг тээвэрлэж буй автомашины жолооч нарын хил нэвтрэх эрхийн баримт бичгийг шалгагчийн тусгай зориулалтын 14 кабиныг ашиглалтад хүлээн авлаа. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг хамгийн нэг минутын дотор багтаан шалгах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 3000 орчим автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.
Тус кабин нь эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан, шаардлагатай програм бүхий компьютер, гэрэл дохио, агааржуулагч зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулагдсан гэдгээрээ онцлогтой. Үүнийг дагаад алба хаагчдын ажиллах орчин эрс сайжирч байгаа юм.
Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-н урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа нь хамгийн чухал юм. Энэ утгаараа тус боомтоор экспортлож байгаа эрдэс баялгаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байна. Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.


















