"Гашуунсухайт" чиглэлийн авто замд 460 гаруй осол гарчээ
"Гашуунсухайт" чиглэлийн авто замд оны эхний 10 сарын байдлаар 460 гаруй удаа авто осол гарсан байна.
Мэдээллийн алба

"Гашуунсухайт" чиглэлийн авто замд оны эхний 10 сарын байдлаар 460 гаруй удаа авто осол гарсан байна. Дийлэнх шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, гүйцэж түрүүлж урсгал сөрөх, мөн жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой юм.
Өнөөдрийн байдлаар уртын урт, урт, богино гэсэн чиглэлд нийт 14 мянга гаруй жолооч өдөр, шөнөгүй нүүрс зөөж байна. Тэд ийнхүү ажилладаг ч эрүүл мэнд, аюулгүй байдал нь баталгаагүй хэвээр байгаа юм. Хамгийн сүүлд энэ сарын 9-нд "Ухаа худаг" уурхайгаас "Гашуунсухайт" хилийн боомтын чиглэлд нүүрс тээж явсан машины кабинд гал гарч жолооч Д шатаж амь насаа алдсан хэрэг гарсан.
Иймээс нүүрсээ борлуулж ашиг олдог аж ахуйн нэгжүүд болон хяналт тавих үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд ажлаа хийхийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир өнөөдөр шаардлаа.
Өнөөдөр гэрээ байгуулсан гэх 200 орчим аж ахуйн нэгж байдаг. Гэвч тал хувь нь хэт ашгийн төлөө ажиллаж хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг мөнгөөр сольсон байна гэж тэрбээр санууллаа.


















