Гоо сайхны хагалгаа хийлгэж буй хятад эрчүүдийн тоо нэмэгдэж байна гэв
үс шилжүүлэн суулгах, нүдний уут арилгах, батга эмчлэх, шүдний одонт эмчилгээ хятад эрчүүдийн хамгийн эрэлттэй үйлчилгээ гэнэ.
Мэдээллийн алба

Сүүлийн үед гоо сайхны хагалгаанд орж, гадаад үзэмжээ өөрчлөх, өөртөө итгэх итгэлтэй болохыг илүүд үздэг хятад эрэгтэйн тоо ихээхэн нэмэгдэж байна хэмээн CCTV мэдээллээ.
2018 онд Хятадын гоо зүйн эмчилгээний салбарын орлого 495 тэрбум юань давж, нийт үйлчлүүлэгчдийн 15 орчим хувийг эрчүүд эзэлж байна. Түүнчлэн үс шилжүүлэн суулгах, нүдний уут арилгах, батга эмчлэх, шүдний одонт эмчилгээ хятад эрчүүдийн хамгийн эрэлттэй үйлчилгээ гэнэ. Мөн 1990 оноос хойш төрсөн хятад эрчүүд гоо сайхны мэс засал болон эмчилгээнд хамрагдах нь түгээмэл байгаа аж.
“Царай төрх сайтай, үзэсгэлэнтэй байх нь амжилтад хүрэх гарц болдог гэсэн буруу ойлголт нийгэмд тархаж, залуу үеийнхнийг дарамтад оруулснаар гоо сайхны мэс засал хийлгэхийг илүүд үзэх болсон. Гоо сайхны мэс засал, эмчилгээ нь хүнийг гоё сайхан харагдуулах хэдий ч эрсдэл ихтэй” хэмээн мэргэжилтнүүд анхааруулдаг.
2017 оны тавдугаар сард эхэлсэн жилийн хугацаатай хяналт шалгалтын үеэр хууль бус болон тусгай зөвшөөрөлгүй гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэнтэй холбоотой 2772 хэрэг Хятадын эрүүл мэндийн газруудад бүртгэгджээ.


















