Говь-Сүмбэр аймгийн засаг даргын суудал тойрсон маргаан өрнөсөөр
Говь-Сүмбэр аймгийн ИТХ аймгийн засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Шийдвэрийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Батжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичгээр танилцуулахаар төлөвлөж байгга юм. Засаг дарга Л.Отгонжаргал нь өнгөрсөн дөрвөн жилд аймгийнхаа ИТХ-ын даргаар а
Мэдээллийн алба

Говь-Сүмбэр аймгийн ИТХ аймгийн засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Шийдвэрийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Батжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичгээр танилцуулахаар төлөвлөж байгга юм. Засаг дарга Л.Отгонжаргал нь өнгөрсөн дөрвөн жилд аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүн аж.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд холбогдох албаны хүмүүстэй утсаар холбогдож тодруулга авлаа.
Говь-Сүмбэр аймгийн засаг дарга Л.Отгонжаргал: Намын өмнө бөхөлзөж амьдармааргүй байна
-Сайн байна уу? Таныг ажлаас чөлөөлсөн талаар яригдаж эхлээд байна. Одоогоор албан үүргээ гүйцэтгэж байна уу?
-ИТХ-ын шийдвэрээр намайг аймгийн засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийвдэр гарсан юм билээ. Одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байна. Эцсийн дүндээ энэ чинь төрийн ажил. Хэн ч орхиод явж болохгүй.
-Та ажлаа яг хэдийд хүлээж авсан бэ? Танай аймгийн засаг даргын батламж нэлээд удааширсан санагдаж байна?
-Тийм ээ. Би энэ оны 3-р сарын 19-ний өдөр ажлаа албан ёсоор хүлээж авсан. Тэд оны эхний хагас жилийн тайлан хянасан гэж байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ би ажлаа аваад 5 сар ч болоогүй байна. Ард түмэн хэлэх байх. Би өөрийгөө магтахгүй. Гэхдээ өнгөрсөн энэ богино хугацаанд их зүйлийг хийж амжууллаа.
-Хувийн зүгээсээ энэ шийдвэр дээр ямар байр суурьтай байна вэ ?
-Энд миний байр суурь гэхээсээ илүүтэйгээр манай ИТХ-ын шийдвэр чухал болоод байна. Хамгийн гол нь “Би аливаа улс төрийн намын өмнө бөхөлзөж амьдармааргүй байна. Гэхдээ бүрэн эрх нь ИТХ-д байгаа. Би өөр юу хэлэх вэ дээ.
Говь-Сүмбэр аймгийн АН-ын дарга н.Одсэр: Бүх асуудал хуулийн хүрээнд болсон
-Танай аймаг Лхагва гарагийн ИТХ-аараа засаг дарга Л.Отгонжаргалыг албан ажлаас нь чөлөөлөх шийвэр гаргасан гэдэг нь үнэн үү?
-Үнэн. Хуралдаанаар аймгийн засаг даргын эхний хагас жилийн ажлын биелэлт, төсвийн тодотгол,”Март дизайн” ХХК-ийн шинэ суурийн төлөвлөгөө зэрэг асуудлыг авч хэлэлцсэн. Улмаар энэ бүх асуудлын хүрээнд Л.Отгонжаргалыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна.
-Хурал хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явагдсан бэ?
-Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй явагдсан
-Танай аймаг иргэдийн төлөөлөгчийн хэдэн суудалтай бэ?
-17 иргэдийн төлөөлөгчийн суудалтай. АН 9, МАН 7, МАХН 1 суудалтай.
-Тэгэхээр танай нам тус хуралд дангаараа оролцсон гэсэн үг үү?
- Тийм ээ. Хуралд МАН, МАХН сонгуулийн маргаантай асуудлаас болоод оролцоогүй.
- Яг энэ тохиолдолд дээрх шийдвэр тань хэт нэг талыг барьсан хэрэг болсон юм биш үү?
- Бүх зүйл хууль ёсныхоо дагуу болсон. Хуралд МАН, МАХН сонгуулийн маргаантай асуудлаас болоод оролцоогүй. Ер нь ганц энэ хурал ч биш сүүлийн 2-3 хуралд тэд оролцохгүй байгаа. Тэгэхээр хуулийнхаа дагуу хурал санаатай таслаж байгаа аль ч намын төлөөлөлд үйлчилдэг “хуралд орсноор тооцох”, “эсрэг санал авах” гэсэн заалтуудыг үндэслэн шийдвэрээ гаргасан.
-Засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь юу бэ?
-Би дээр хэлсэн. Эхний найман сарын тайлангаар ажлын биелэлт дөнгөж 39,2 хувьтай байсан. Үнэхээр халахаас өөр аргагүй шалтгаан.
-Энд ямар нэгэн улс төрийн зорилго байгаа юм биш биз. Танай нам анхнаасаа 9 суудал авсан мөртлөө яагаад МАН-аас засаг дарга сонгосон юм бэ?
-Ямар ч улс төрийн зорилго байхгүй. Асуудал хуулийнхаа хүрээнд л явагдаж байгаа. Би энэ тал дээр нэмэлт тайлбар өгмөөргүй байна.
-Анх таныг аймгийн засаг даргаар сонгогдох намуудын тохиролцоо байсан ч татгалзсан гэсэн яриа байгаа, энэ талаар?
-Энэ бол намын дотоод асуудал. Би үүнийг задлах эрх байхгүй.
-Сонгуулийн хууль зөрчсөн нэрээр өрсөлдөгч хоёр намаас 4 хүнийг иргэдийн төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн гэсэн. Танай намаас хэдэн хүн нэмж орж ирсэн бэ?
-Сонгуулийн хууль зөрчсөн МАХН-ын 4 хүнийг эргүүлэн татсан. Тиймээс тухайн өрсөлдөгчийн ард жагссан нэр дэвшичдийг иргэдийн хурлын төлөөлөгчөөр оруулсан байгаа. Манай намаас 3, МАН-аас 1 хүн орсон. МАХН энэ хэргийг хууль бус гэж үзээд аймгийн иргэдийн хурлыг анхан шатны шүүхэд өгсөн.
-Шүүхийн шийдвэр нь гарсан уу?
-Гарсан. МАХН-ын дахин сонгууль явуулах ёстой гэсэн саналыг шаардлагагүй гэж үзсэн байгаа. Гэсэн хэдий ч МАХН-ынхан нийслэл рүү давж заалдах шатны шүүхэд дахин хандсан гэсэн.
-Тэгвэл яагаад МАН бас ИТХ-д оролцохоос татгалзаад байгаа юм бэ?
-Уг нь бол МАН-д татгалзах үндэслэл байхгүй. Гэтэл хэлэлцэж тохиролцсон юм шиг хуралд оролцохоор татгалзсан хэвээр байна.
Говь-Сүмбэр аймгийн МАН-ын дарга Д.Батсуурь: ИТХ-ын бүрэлдэхүүн хууль зөрчсөн учраас хуралд оролцохоос татгалзсан
-Сайн байна уу? Аймгийн ИТХ-аар танай намаас нэр дэвшсэн засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Энэ тал дээр танай намын байр суурь?
-Одоогоор хурлын талаар мэдээл сайн аваагүй байна. Яагаад гэвэл манай нам тэр хуралд оролцоогүй.
-Ямар шалтгаанаар танай нам иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцохгүй байгаа юм бэ?
-Аймгийн иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүн хууль зөрчиж бүрдсэн. Тиймээс асуудлаа хуулиар шийдүүлэхээс нааш манай нам ИТХ-д оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаараа албан бичиг өгсөн.
-Ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэх асуудал яригдаад байгаа юм?
-Иргэдийн төлөөлөгчийн хурал анх 4 хүнийг сонгуулийн хууль зөрчсөн нэрээр түдгэлзүүлсэн. Хуулиараа дахин сонгуулиар орных нь хүнийг сонгох ёстой байтал шууд авсан онооны дарааллаар сонголт хийсэн. Энэ бол манай аймгийн ИТХ- ын бүрэлдэхүүнд ард түмнээр сонгогдоогүй хүмүүс ирж суучихаад байна гэсэн үг. Тэгэхээр ийм хууль зөрчсөн бүрэлдэхүүн бүхий хуралд манай нам яаж оролцох юм бэ?.


















