Гудамж төслийн 200 сая ам доллар хаачсан бэ
Манай судалгааны баг МУИС-ын докторуудтай хамтран Нийгэм, Эдийн засгийн үр өгөөжийн тооцоо судалгаа хийсэн. Тухайлбал, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн уулзвар, авто замын нэг жилийн эдийн засгийн үр өгөөж 28,5 тэрбум төгрөг орчим байгаа бөгөөд жилд авто осол 20 хувь, түгжрэл 35 хувиар буурсан.
Мэдээллийн алба

Гудамж төслийн дэд захирал Батмөнхийн Батболдтой ярилцлаа.
-Шинэчлэлийн засгийн газрын үед “Гудамж” төслийг санхүүжүүлэхээр баталсан 200 сая ам.доллар танай байгууллагын дансанд орсон уу. Хэдэн хувийн санхүүжилт нь орж, ямар бүтээн байгуулалтын ажил хийгээд байна?
-Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Гудамж төслийг байгуулан, бүтээн байгуулалтын ажилд зориулж Чингис бондын 13% болох 200 сая ам. долларыг хувиарлаж Хөгжлийн банкинд байршуулсан. Ѳѳрѳѳр хэлбэл энэ мѳнгѳ нь манай дансанд байдаггүй бѳгѳѳд Захиалагчийг төлөөлж Гудамж тѳсөл, Санхүүжүүлэгчийг төлөөлж Хөгжлийн банк, Гүйцэтгэгч гэсэн гурвалсан гэрээ байгуулан, санхүүжилтийг Хѳгжлийн банкнаас гүйцэтгэгчид олгодог.
Манай тѳсѳл байгуулагдсанаас хойш ѳнѳѳдрийг хүртэл Хѳгжлийн банкинд байсан 200 сая ам.долларын 40 хувь буюу 80 сая ам.доллараар бүтээн байгуулалтын ажил хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Гудамж төслийг 200 сая ам доллар хэрэглэсэн мэтээр ярьж ойлгуулж ирсэн. Үнэндээ бид 200 сая ам доллараар бүтээн байгуулалт хийсэн бол 33 уулзвар биш 99 уулзвар, 9-10 аймагт Гудамж төслийг хэрэгжүүлж одоогийн байгаагаас хэд дахин ихээр замын ачааллыг бууруулах боломж байсан.
Гэтэл бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотод 30 гаруй уулзвар, Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалт болон нийт 20 гаруй км автозам, Увс, Архангай аймгийн бүтээн байгуулалт, Хэнтий аймгийн иж бүрдэл зураг тѳсѳл, Туулын хурдны замын ажлын зураг төсѳл, Гандангийн гэр хорооллын инженeрийн шугам сүлжээний зураг төсөл, Орхоны 5, 6, 10 дугаар гудамжны зам, барилгын гэх мэт олон ажлыг хийсэн.
Дахин хэлэхэд Гудамж төслийн хүрээнд хэзээ ч 200 сая долларыг хэрэглээгүй тул нийгэмд үнэнийг мэдээлмээр байна. Бид төслийн сайтад бүх бүтээн байгуулалтын ѳртгийг ажил тус бүрээр нээлттэй тавьсан байгаа. Шилэн дансны хууль гарахаас ч ѳмнѳ бид шилэн л байсан. Манай бүх ажлын явцыг сайтаас 24 цагийн турш камераар хэн ч харах боломжтой байсан. Гэтэл түүнийг харалгүйгээр нийгэмд сѳрѳг мэссeж их цацагддаг байсан.
-Орон нутагт өндөр өртөгтэй бондын мөнгөөр авто зам барьсан, Бондын мөнгийг үргүй зарцуулсан гэдэг яриа байдаг.
-Миний хувьд наад бондын мөнгийг үргүй зарцуулсан гэдэг яриатай огт санал нийлэхгүй байна. Бид Гудамж төслийг хэрэгжүүлэхээс өмнө Улаанбаатар хотын автозамын түгжрэл ямар байсан одоо ямар болсныг ард түмэн мэдэж байгаа.
Тухайлбал 3-4 хорооллын ахуйн үйлчилгээний уулзвар /Энэбиш агсаны хөшөөтэй/, 100 айл, Саппоро, Цэцэг төвийн уулзвар гэх мэт замууд өмнө нь ямар байсан одоо ямар нэвтрэх чадвартай болсон. Энхтайваны гүүрнээс Яармагийн гүүр хүртэл яаж түгжирч онгоцны буудал руу яаж сандарч явдаг байлаа? Сонсголонгийн зам ямар их эвдрэлтэй байлаа?! Одоо хүн бүр үр дүнг нь хүртэж байгаа. Үүнээс илүү нийгэмд үр ашигтай хөрөнгө оруулалт гэж байх уу.
Гудамж төсөл нийслэлд амжилттай хэрэгжсэн учраас Засгийн газраас 21 аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Одоо Архангай, Увс аймгийн тѳвүүд хотын тѳрхтэй болж ѳѳрчлѳгдсѳн.
Хэнтий аймгийн тѳвийн хот тѳлѳвлѳлтийн бүх нарийвчилсан зураг тѳсѳл хийгдсэн боловч эдийн засгийн хямралтай холбогдуулан санхүүжилт зогссон. Гэвч Хэнтий аймаг өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан концессоор гүйцэтгүүлэхээр хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан энэ 10 сард дуусгахаар ажиллаж байна.
Гудамж төслийг хэрэгжүүлсэн тухайн орон нутгийн иргэдээс маш өндөр үнэлгээ авсан. Бид боломжтой бол бүхий л аймгийн төвийг зөв төлөвлөлттэй, орчин үеийн хотын жишгээр хөгжүүлмээр байна. Цаашид энэ ажил үргэлжилвэл маш өгөөжтэй юм. Ямартай ч Цэцэрлэг, Улаангомыг жишиг хот болгосон, түүнийг хараад бүх аймгийн дарга нар маш их хүлээлтэнд орсон байгаа.
Замын ѳндѳр ѳртгийн тухайд бол саяхан хүртэл манай зам бага даацтай автомашин буюу ихэнхдээ тухайн үeийн ачааны машин 5 тонн хүртэл даацтай хуучнаар Зил 130 машинд зориулагдаж замын суурь, асфальтын зузаан нь бага байсан. Одоо бол техник, технологийн дэвшил гарсан 30, 40 тоннын даацтай автомашин явдаг зам хэрэгтэй болж замын бүтэц тeхнологи их ѳѳр болж эхэлсэн. Сүүлийн үед хийгдэж байгаа замуудад цементээр бэхжүүлсэн үе, асфальт бетоны зузаан нэмэгдсэн учраас зардал бага зэрэг нэмэгдэж чанартай болсон байгаа. Өмнө зам тавиад байдаг 1, 2 жил болоод л эвдэрдэг, эргээд засдаг ийм л байсан шүү дээ. Манай хийсэн уулзваруудад эвдрэл гэмтэл гарсан зүйл одоо ч байхгүй байгаа.
Хотын замыг бид орон нутгийн ямар ч дэд бүтцийн ажил хийгддэггүй зам тавихтай адилтгаж тэр замын жишгээр тооцож төсөөлж ирсэн. Гэтэл хотод хийгдэж байгаа зам бол инженерийн шугам сүлжээ бүхий иж бүрэн төлөвлөлттэй зам байдаг. Өөрөөр хэлбэл хотын замыг өргөтгөн шинэчлэхийн тулд дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугам сүлжээг судлах, зарим тохиолдолд зайлуулах, өргөтгөх хүртэл ажил хийгддэг, дээр нь явган хүний, дугуйн зам, ус зайлуулах суваг, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг маш олон ажлыг цогц байдлаар хийхээр ѳртѳг нэмэгдээд ирдэг. Ноднин манай тѳслийн замын ажилтай танилцаж байсан аймгуудын засаг дарга нарын нэг “бид ч урд нь зам тавина гэж гурилддаг байсан юм байна даа” гэж билээ.
Харин бондын ѳндѳр хүү, эргэн тѳлѳлтийн асуудал бол манай тѳр засгийн шийдвэр бѳгѳѳд Бондын зарцуулалтад бүхий л хяналтын байгууллагууд хяналтаа тавиад явж байгаа шүү дээ.
-“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй ихэнх ажлууд нь зураг төсөл хийгдээгүй, төсөвт өртөг нь тодорхойгүй байхад Хөгжлийн банк ойролцоо дүнгээр гэрээ байгуулан санхүүжилт олгож байсан юм уу?
-Зураг төсөл хийгдээгүй байхад гэрээ хийсэн гэж хэлж болохгүй л дээ. Гудамж төсөл 2013 оны 4 сард байгуулагдаад 2 сарын дотор зураг тѳслѳѳ хийлгэж анхны уулзварыг ашиглалтад оруулсан. 1.3 сая хүн амтай 300 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй, замын түгжрэл, нягтрал дээд цэгтээ хүрсэн, зам, барилгын ажил гүйцэтгэх дулааны улирал маш богино ийм хүнд нѳхцѳлд яавал богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх вэ гэдэг асуудал байсан.
Тиймээс зураг төслийн ажлыг 2 үе шаттайгаар хийлгүүлж, эхний шатны ажлын зураг, урьдчилсан төсөв гарсан нөхцөлд гэрээ хийж ажлаа эхлүүлэн, гүйцэтгэгч компанид санхүүжилтийг тухай бүр хийсэн ажлын гүйцэтгэлээр олгож байсан.
Бид зураг төслийн компаниуд яагаад зураг төслийн ажлаа удаан хийдэг талаар судлахад ерөөсөө л тухайн ажлын техникийн нөхцөл авахад ихэнх цагаа зарцуулж байсан. Хэрвээ бид нэг уулзварын ажлын зураг төслийн гүйцэтгэгчийг шалгаруулаад, техникийн нөхцлѳѳ аваад, зураг төслөө хийлгүүлж батлуулсны дараа замын ажлыг эхлүүлэхэд дор хаяж 3-4 сарын хугацаа орохоор байсан. Зураг төслийг 2 үе шаттай хийлгээгүй бол өнөөдөр сайндаа л 10 уулзвар шинэчилж нөгөө л түгжрэлтэйгээ хэрэлдээд байж байх байсан байх. Гэхдээ бид богино хугацаанд замын ажил гүйцэтгэж байна гээд хууль, дүрэм журам зөрчөөд, ямарч зураг, төсөвгүй ажлыг хийлгүүлээд явсан зүйл огт байхгүй л дээ. Бидний бүх бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээж авсан байдаг нь бүх ажил маань хууль журмын дагуу хийгдсэнийг нотолж байгаа юм. Хөгжлийн банкны санхүүжилтийн талаар Гудамж төсөлд удаа дараалан Аудитын байгууллагаас шалгалт орж цаг хугацаа хэмнэсэн, техникийн шийдэл гаргаж ажилласан талаар эeрэг дүгнэлт гаргасан.
-Танай төслийн бүтэц орон тоог хаанаас баталдаг вэ. Үйл ажиллагааны зардлыг хаанаас санхүүжүүлж байна?
-Монгол улсын Засгийн газрын 46 дугаар тогтоолоор гудамж төсөл байгуулагдан Эдийн засгийн хөгжлийн сайдын тушаалаар 2013 онд “Гудамж” төслийг 7 алба 52 орон тоотойгоор батласан. 2013 онд 3 дэд тѳсѳл зэрэг хэрэгжиж ачаалал ихтэй байсан ч 47 хүнтэй ажилласан. 2014 оны сүүлээс Гудамж төслийн ажлын цар хүрээ багассантай холбоотойгоор 3 алба 37 орон тоотойгоор ажиллаж байсан бөгөөд Гудамж төслийн зүгээс ажлын цар хүрээтэй холбогдуулан орон тоог дахин багасгах саналыг хүргүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3 алба 29 орон тоотой баталж, одоогийн байдлаар 26 ажилтантай ажиллаж байна.
Манайх анх төсөлдөө ажилтан шалгаруулж авахдаа төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байсан шилдэг мэргэжилтнүүдэд санал тавьж, заримыг нь ажлаас нь хүртэл гаргаж авсан. Гудамж төсөлд туршлагатай, мэргэжлийн чадварлаг баг бүрдсэн учраас бидний бүтээн байгуулалтууд амжилттай болж чадсан.
Бид 2013 оноос хойш ажиллах хугацаандаа хэзээ ч орон тоондоо тулгаж ажилтан авч байгаагүй. Өөрөөр хэлбэл бид үйл ажиллагааны зардлаасаа орон тооны хэмнэлтийг байнга гаргаж явсан одоо ч мөн тэр зарчмаараа явж байна. Бидний энэхүү орон тоо хэмнэсэн асуудлыг аудитын байгууллага хүртэл сайшаасан. Төслийн үйл ажиллагааны зардлыг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын зѳвшѳѳрлѳѳр баталгаажуулж Хѳгжлийн банкнаас санхүүжүүлж ирсэн. Манай төсѳлд нэг хүндрэлтэй нь хэвлэл мэдээллийн зардал гэж байдаггүй юмаа. Жишээ нь нийгэмд Гудамж төслийг 200 сая доллараас идсэн мэтээр элдвээр ярьж байхад бид тэр болгонд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж тайлбар хийж чаддаггүй.
-“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа авто замын барилгын ажлуудад гүйцэтгэгчийг тeндeрийн хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд гэрээ байгуулж санхүүжилтүүд олгосон гэдэг үнэн үү?
-Шууд гэрээ байгуулдаггүй. Бид тeндeрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, мөн Эдийн засгийн хөгжлийн сайдын 29 дүгээр журмын дагуу сонгон шалгаруулалт хийх ёстой байдаг. Шалгарсан компаниудын материалыг 7 яамны төлөөллөөс бүрдсэн Төслийн удирдах хорооны хуралд танилцуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг. Дээрээс нь шалгарсан компанитай гэрээ байгуулах саналыг Хөгжлийн банк руу явуулж, хэрвээ банк зөвшөөрвѳл гурвалсан гэрээ байгуулдаг.
Журмыг зөвхөн манай төсөл дагаж мөрддөг юм биш, бусад бондоос санхүүждэг “Дэд бүтэц” тѳсѳл, “Эгийн гол” тѳсѳл, “Эрчим” тѳсѳл гэх мэт бүхий л төслүүд дагаж мөрддөг. Бид энэ журмыг мѳрдсѳнѳѳр цаг хугацааг маш их хэмнэсэн. Бусад шалгуур үзүүлэлтүүдийн хувьд тендерийн хуульд заасан шаардлагуудтай ерөнхийдөө ижилхэн байдаг. Тэхээр сонгон шалгаруулалт хийхгүй шууд гэрээ байгуулдаг гэдэг бол ташаа мэдээлэл юм аа.
-"Гудамж" төслийг хэрэгжүүлснээр иргэд болон улсад ямар үр ашиг гарсан бэ. Нийгэм эдийн засгийн үр өгөөжийн талаар хийгдсэн судалгаа бий юу?
-Манай судалгааны баг МУИС-ийн докторуудтай хамтран Нийгэм, Эдийн засгийн үр өгөөжийн тооцоо судалгаа хийсэн. Тухайлбал, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн уулзвар, авто замын нэг жилийн эдийн засгийн үр өгөөж 28,5 тэрбум төгрөг орчим байгаа бөгөөд жилд авто осол 20 хувь, түгжрэл 35 хувиар буурсан. Энэ судалгаатай холбогдуулан хоёулаа ганц нэг уулзварын жишээн дээр ярилцья. Жишээ нь, 3,4 дүгээр хорооллын ахуйн үйлчилгээний уулзвар буюу Энэбишийн хөшөөтэй уулзвар л гэхэд өмнө нь Гандангийн ар талаар тойрч 3,4 дүгээр хороолол руу явдаг маш их түгжирч иргэдийн уур бухимдалыг бий болгосон л уулзвар байсан шүү дээ. Гэтэл одоо бол 3.4-р хороолол болон 6-р бичил хороолол руу шууд нэвтэрч байна. Энд л нөгөө бидний цаг зав, шатахууны хэмнэлт чинь эдийн засгийн утгаараа бидний хийсэн бүх ажил дээр гарч байгаа байхгүй юу. За тэгээд цаг, хугацаа, иргэдийн уур бухимдал гээд мөнгөөр үнэлж барашгүй зөндөө асуудал байна л даа. Бид үүнийг л нэгтгээд гаргасан тооцоог эдийн засгийн үр өгөөжийн судалгаа гээд байгаа юм. Мөн Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудаас өндөр үнэлэлт авсан ажилд Гудамж төсөл зүй ёсоор багтдаг. Мөн SICA олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар хамгийн өндөр үнэлгээтэй бүтээн байгуулалтын ажлаар манай тѳсѳл шалгарсан байдаг.
-Энэ онд хийгдэж байгаа ажил бий юу. Танай төслийн одоогийн байдал?
-Он дамжин хийгдэж буй зам барилгын 2 ажил байгаа. Үүнээс гадна судалгаа, төлөвлөлтийн ажлыг голчлон хийж байна. Дархан, Эрдэнэт, Төв аймгуудад ажиллаж, төвийн хэсгийн шинэчилсэн төлөвлөлтийг боловсруулсан. Өнгөрсөн 7 хоногт гэхэд Эрдэнэт хотын удирдлагуудад “Эрдэнэт хотын төвийн хэсгийн шинэчилсэн төлөвлөлт”-ийн зураг төсөл, урьдчилсан төсөвт өртөгийг хүлээлгэн өгөөд байна.
Улаанбаатар хотын хөгжилд бодитой түлхэц болохоор төслүүдийг Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар санал хүргүүлсэн байгаа. Тухайлбал, Гэр хорооллын шинэ Их тойруу зам, Гандан-гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлт, Ногоон Улаанбаатар-2030, Автомашингүй гудамж - давхар зогсоол, Ногоон гудамж - дугуйн зам, Шинэ автозамын сүлжээ - Нүхэн гарц зэрэг төслүүдийн төлөвлөлтийн ажлуудыг хийгээд байна. Гудамж төсөл өнгөрсөн 2 жилд зам, барилгын ажил зонхилон хийж байсан бол сүүлийн нэг жилд судалгаа төлөвлөлтийн ажлыг түлхүү хийж нийгэмд үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд боловсруулж байна. Саяын ярьсан 7 төсөл л гэхэд нэлээд цаг хугацаа зарцуулж, судалгаа хийсний үр дүнд бий болсон оюуны бүтээл шүү дээ, үүнийг мөнгөөр үнэлэхэд хэцүү гэж ярьдаг байх аа.
Бас манай төслөөс санаачлан Их дэлгүүрээс Цирк хүртэлх гудамжны цэцэрлэгт талбайг газар доорх байгууламж бүхий шинэ төлөвлөлттэй гудамж болгохоор тѳсѳл боловсруулаад байна. Энэ тѳслийн тухайд бид төсвөөс мөнгө гаргахгүйгээр хувийн хэвшлийн хѳрѳнгѳ оруулалтаар хийхээр төлөвлөсөн бөгөөд уг цэцэрлэгт талбайг нийтийн эзэмшлийн хэвээр хадгалж, зөвхөн газар доорх байгууламжийг хувийн хэвшилд эзэмшүүлэх нөхцөлтэйгээр төлөвлөлт хийсэн. Энэ тѳсѳл нь Монголд анх удаагаа хийгдэж байгаа бөгөөд хууль эрх зүйн хувьд өмнө ийм нөхцөлөөр газар олгож байгаагүй байх жишээтэй, ийм л улсад ашигтай, хотын хөгжилд хэрэгтэй, хувийн хэвшилд ашигтай төслүүдийг нийслэлд санал болгож байгаа.
Мөн бид энэ ажлынхаа жишгээр Токиогийн гудамжны тохижилтын ажлыг иргэд, олон нийтийн байгууллагын оролцоотой хэрэгжүүлэхээр шинэ тѳсѳл боловсруулж, Монгол дахь Япончуудын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Саяхан Ерөнхий сайд Засгийн газрын мэдээлэл дээр ТЭЗҮ хийсэн бэлэн төслүүд байхгүй талаар ярьж байсан. Бидэнд бол Туулын хурдны замын ТЭЗҮ, зураг төслийг захиалан боловсруулж Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан бэлэн зураг төсөл байна. Хөрөнгө мөнгө нь байвал маргааш эхлүүлсэн ч болно. Ер нь дэлхийн томоохон хотууд бүгд л хурдны замтай, тэр замаа ашиглан төвлөрлийг сааруулж, хѳгжилтэй хотыг бүтээн байгуулж байгаа. Бид ирээдүйн сайхан хотын тѳлѳѳ ажиллах хот байгуулалтын чадварлаг багийг бүрдүүлж чадсан.
-Ярилцсанд баярлалаа.


















