Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван аймагт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна

Шүлхий өвчин 2017 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн нэг дүүрэгт оношлогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван аймагт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна
Гурван аймагт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Шүлхий өвчин 2017 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн нэг дүүрэгт оношлогджээ. Нийт 830-аад өрхийн 9900 (үхэр – 7565, хонь – 1423, ямаа - 915, гахай - 232) гаруй толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9452 (үхэр – 7525, хонь – 1215, ямаа – 712, гахай - 232) толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулсан байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 сарын 17-ны өдөр шүлхий өвчин оношлогдсоноор тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мандал суманд 1344 толгой үхэр шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, 9351 толгой үхэр, 1831 толгой гахай, нийт 11182 толгой мал, амьтныг 100 хувь вакцинжуулаад байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр” II дахь шатны төслийн хүрээнд 2.6 сая тун вакцин тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр 3 тэрбум төгрөгөөр худалдан авч голомттой болон эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн нийт 12.8 сая толгой мэдрэмтгий вакцинжуулжуулалтад хамруулаад байна.

Өнөөдрийн байдлаар намрын вакцинжуулалтын арга хэмжээний эхний ээлжийн вакцинжуулалт бүрэн дуусч, давтан вакцинжуулалт Хэнтий аймагт 90 хувь, Дорноговь аймагт 43.1 хувьтай хэрэгжиж байна. Бусад аймгуудын хувьд вакцинжуулалтын арга хэмжээ дуусаад байна.

Шүлхий өвчний оношийг ДМАЭМБ-ын шүлхий өвчний лавлагаа лаборатори болох Англи Улсын Пирбрайтын лаборатори, ОХУ-ын Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийн төв зэрэгт илгээн баталгаажуулжээ.

Хуваалцах