“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны анхдугаар олимпиад болно
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл анхдугаар олимпиадыг ирэх гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл анхдугаар олимпиадыг ирэх гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах гэж байна. Олимпиад нь нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдана. ЕБС-ийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхолыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад олимпиадын зорилго оршиж байна.
Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэж байгаа ажээ.
Олимпиадад оролцогч суралцагчийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn хаягаар тухайн сургуулийн сургалтын менежер бүртгэх юм.
“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд болно. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж урамшуулах юм байна.


















