Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж 400 метр зам эвдэрчээ

Долдугаар сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо олон удаагийн давтамжтайгаар орсоор байгаа. Өнгөрсөн хэд хоногуудад л гэхэд Баянзүрх дүүрэгт үер буусны улмаас айл өрхүүд усанд автаж, нийтийн эзэмшлийн зам талбай эвдэрсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж 400 метр зам эвдэрчээ
Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж 400 метр зам эвдэрчээ. Зураг: МҮОНРТ

Долдугаар сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо олон удаагийн давтамжтайгаар орсоор байгаа. Өнгөрсөн хэд хоногуудад л гэхэд Баянзүрх дүүрэгт үер буусны улмаас айл өрхүүд усанд автаж, нийтийн эзэмшлийн зам талбай эвдэрсэн. Жил бүр үерийн ус зайлуулах шугам сүлжээ нэмж барьж байгаа ч иргэдийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэйгээр зарим далан, шуудуу бүрэн ажиллахгүй байгаа юм.

Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 22-р хороо буюу Монелын уулзвараас Дарь эх хүртэлх авто зам энэ сарын 17-ны үерийн усанд эвдрээд байгааг дээрх гэрэл зургаас харж болно. Учир нь энэ хэсэгт байдаг үерийн ус зайлуулах шугам хоолойг таглан элдэв хогоор дүүргэн, дээр нь авто засварын газар барьжээ. Зөвшөөрөлгүйгээр үерийн ус зайлуулах шугам сүлжээг хаасан тухайн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцон албадан нүүлгэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байна.

(Үерийн ус зайлуулах шугам хоолойг таглан зөвшөөрөлгүй барьсан байгууламж)

Энэ хэсэгт 310 метр урт зам тавиад хүлээлгэж өгч амжаагүй байхад ийнхүү эвдэрчээ. Зарим зам, талбайг чанар муутай барьсан тул амархан эвдэрч байна гэж иргэд шүүмжилж байгаа. Гэтэл энэ мэт борооны ус зайлуулах шугам сүлжээг бүрэн ажиллуулж чадахгүй байгаатай холбоотойгоор замын эвдрэл үүсээд байгаа талаар зам хариуцсан мэргэжилтнүүд тайлбарлалаа. Мөн Баянзүрх дүүргийн 27-р хороонд үер бууж, айл өрхүүд усанд автан, авто зам эвдэрсэн. Гэтэл мөн л үерийн уснаас хамгаалах ёстой байсан далан өнөөдөр барилгын гаралтай хог хаягдлаар дүүрсэн байдалтай байгаа юм.

(Үерийн суваг шуудууг таглан дээр нь барилга байгууламж барьж, хогоор дүүргэсэн байна)

Энэ мэт үерийн далан сувгийг шороогоор дарж, гэр байшин, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж олон байна. Тэд өөрсдийн амь насыг эрсдэлд оруулахын зэрэгцээ улсад их хэмжээний хохируулж байгаагаа төсөөлөхгүй байгаа нь харамсалтай. Нэг км замыг манай улс 1 тэрбум төгрөгөөр барьж байгаа. Гэтэл үерийн ус зайлуулах гуу жалгаа чөлөөлж чадаагүйн улмаас дахин үргүй зардал гаргасаар байх уу.

(Үерийн далан дээр шороо асган иргэд, аж ахуйн нэгжүүд ийнхүү суурьшжээ)

Б.Сэргэлэн

Хуваалцах