Жуулчид малчин айлыг амархан олдог болно
Жуулчдад үйлчилж мөнгө олох арга малчдад улам ч хялбар болж байна. Энэ боломжийг ухаалаг утас ашиглан "Airbnb" болон “What 3 words” компанийн сүлжээнд нэвтэрч ашиглах юм байна.
Мэдээллийн алба

Жуулчдад үйлчилж мөнгө олох арга малчдад улам ч хялбар болж байна. Энэ боломжийг ухаалаг утас ашиглан "Airbnb" болон “What 3 words” компанийн сүлжээнд нэвтэрч ашиглах юм байна.
Одоогоос 10 жилийн өмнө АНУ-ын Сан Франциско хотод олон улсын хурал болж, зочид буудлууд дүүрчээ. Тэр үед "Airbnb" компанийг үүсгэн байгуулагч хоёр залуу илүү өрөөндөө хийлдэг гудас тавиад, өглөөний цайгаар үйлчилнэ гэж бичээд цахим хуудсаар мэдээлэл түгээсэн байна. Ингээд захиалагч их авч эхэлснээр компани болон өргөжиж, дэлхий дахинд өндөр эрэлтийг бий болгоод байна. Энэ бол зөвхөн хоноглох байр зардаг бизнес биш. Улс орнуудын хүмүүс хоорондын, соёл, уламжлалын туршлага зардаг бизнес.
Өнөөдөр дэлхий даяар хэдэн сая хүн аялахдаа өдөр бүр энэхүү сүлжээгээрээ дамжуулан байр захиалдаг байна. Энэ боломжийг монголчууд ч ашиглах боломжтой. "Airbnb" компанийн нийгмийн инноваци хариуцсан захирал н.Камерон “Аялагчид тухайн улсын аж амьдралыг илүү ойлгож мэдэхийн тулд зочид буудал болон жуулчны баазаар үйлчлүүлэхийн оронд иргэдийн дунд байж, гэр болон хажуу өрөөг нь түрээслэхийг илүүд үзэх болсон. Иргэд "Airbnb" компанийн сүлжээнд нэвтэрч зараа оруулна. Ингэснээр тухайн байрлал нь аялагчдад таалагдсан нөхцөлд энэ боломжийг ашиглах боломж бүрдэх юм” гэв.
Монгол Улс бахархах түүх домог, бишрэх соёлын өв ихтэй, өргөн уудам газар нутагтай. Жуулчид тэдгээрийг бодит байдлаар таньж мэдэхийг илүүд үздэг. Тиймээс манай малчдад энэ боломжийг ашиглах давуу тал их байгаа юм. Харин тухайн айлыг хэрхэн олж очих вэ гэдгийг “Ард” санхүүгийн нэгдэл болон “Монгол шуудан” ХК, Их Британийн “What3words” компанитай хамтран шийдвэрлэж буй юм байна.
“What3words” нь дэлхийг тэр чигт нь 3м х 3м хэмжээтэй квадратуудад хувааж, тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгтэй хаяг өгсөн. Өөрөөр хэлбэл, ямар ч хүн аливаа байршлыг нарийн тогтоож, бусад системээс илүү хурдан, хялбар, ойлгомжтой байдлаар хуваалцах боломжтойгоороо онцлог юм байна.
Д.Баяржаргал


















